Өгүүллэг: КОНДУКТОР МИНЬ УУЧЛААРАЙ

2948
Монголоос ирээд удаагүй нэг дүү хүүтэй цуг өрөө хөлслөн хоёр жилийн өмнө Лондонд би амьдарч байлаа. Надаас тав дүү атлаа надаас намбалаг, солонгос киноны эерэг талын баатар шиг донж нь тохирсон халиурсан задгай халимагтaй, ярьж суухыг нь хальт харвал Их Хурлын гишүүн юм уу гэмээр алаг нүдэн сайхан залуу. Нүдэнд дулаахан, даруухан монгол залуу байр асууж анх уулзахад туслахсан гэсэн хүсэл надад төрч, өрөөндөө хямдхан суулгахаар тохиролцсон. Тухайн үед ажилгүй байсан дүү хүү сэтгэлээр амархан унана; харин би ажил олдоно санаа зоволтгүй гэж түүнийг аргадсаар, чадах ядахаараа тусалж, хоол ундыг нь ч хүртэл даасан юмдаг.

Англид ирсэн хүн ажилгүй удах биш дээ. Тэр тусмаа манай дүү хүү шиг царайлаг, англи хэл, дээд боловсролтой залууд бол ажил олдохгүй байна гэдэг гонжийнжоо. Сар ч бололгүй дүү хүү ажилтай болж, амьдрал цэцэглэх нь тэрээ. Би ч ганцаараа байрны түрээс төлж, шатахгүй болсонд түүнээс дутуугүй баярлав. Жаахан зутруу явахдаа "Ахын тусыг хариулнаa” гээд л надаар пийв авахуулж ууж байсан дүү хүү маань мөнгөтэй золгосонд пийвныхаа хариуг авна гэж шуналтсан уу, би үнэхээр л үнэн сэтгэлээсээ баярласан юмдаг. Гэтэл их санасан газар хоосон хононо гэдэг л болсон доо.

Үнэндээ энэ цаг хугацаа гэдэг сонин ажээ. Юуг ч шинээр үлдээхгүй элэгдүүлээд, хуучруулаад хаях юм. Монголчууд үүнийг гууль нь цухуйна гэж мөн онож хэлсэн байгаа юм шүү. Дүү хүү бид хоёрын "гууль цухуйв”...

Дүү хүү намайг тоглоом, шоглоомоор ёстой үглээ чавганц шиг гар гэж нэрлэх болов. Би ч жаахан үглээ байж магадгүй хүн л дээ. Хааяа намайг найз нөхдүүд маань үглэлээ гэж зэмлэдэг. Энэ зандаа би өөрөө дургүй ч өөрчилж чаддаггүй. (Төрөлхийнх юмшиг байгаа юм.) Дүүгийн хэлснийг эргэцүүлэн бодож: хогоо хая, өглөө ороо хураагаад яв, аяга тавгаа угаа, өмхий бандаашгаа далд хий, байрныхаа мөнгийг өгөөрэй гээд л олон үглэсэн болохоо би анзаарав. Ингээд би дүгнэлт хийж ам ангалзуулахаа багасгах, ахын ёсоор намбалаг байхыг өөртөө тушаалаа.

Гэвч харамсалтай нь би их тэвчээргүй, муухай ааштай хүн л дээ. Уужуу дотортой, гүндүүгүй монгол эр болох гэсэн чинь бүр эсрэгээр хараал урсгасан гудамжны хулигаанд хувирчихлаа. Эхэндээ ч дүү хүүгийн хажууд хараалаа тэвчээд гэртээ ганцаараа ор дэр хурааж, жорлон сав, аяга таваг угааж байхдаа л хараадаг байв. Болье гэсэн ч больж чадахгүй байгаа юм чинь. Ямар сайн байх вэ дээ, Англид ирээд томоожин, зодоон цохион хийдэггүй, гуч гарсан соёлтой залуу боллоо гэж дотроо бахархаж явсан маань будаа. Юун соёлжих, юун ухаажих харин ч хоёр, гурван хэлээр хараал урсгасан хачин муухай амьтан болчихдог юм байна – энэ бие чинь.

Сүүлдээ бүр гэртээ орохоос дургүй хүрдэг болсон. Ундуй сундуй нохойн хороо шиг мухар өрөөнд суухаар чинь сэтгэл тавгүйтээд тухтай ч хоол унд хийж идэж чаддаггүй юм байна лээ. Тэгээд гадуур хооллон, пааб хэсэж, царай алдан турлаа. Монгол руу явуулах хэдэн цаасаа нэмье гээд хүнтэй өрөө шэйрлэсэн биш, ганцаараа амьдрахаас ч илүү мөнгө үрдэг юм байна.

Уг нь би нэг гэр орон цэвэрлэх хуваарь гаргаад түүнийгээ мөрдүүлэх гээд бүтээгүй юмаа. Яаж ийж байгаад л дүү хүүгийн ээлжээр өрөө цэвэрлэгдээгүй хоцорно. Үгүй ядахнаа өрөөгөө цэвэрлэдэггүй юмаа гэхэд идсэн уусан, өмссөн зүүснээ хамхиад явахгүй шүү. Би орой болгон ажлаас ирээд хараалаа урсган янзлах аядана.

Нэг хэсэг үнэхээр хэцүү л байлаа. Авгай хүүхнүүд шиг үглэхгүйн тулд жижиг сажиг зүйлсийг дурсахгүй, гүндүүгүй монгол эрийн дүрд хүссэн хүсээгүй тоглосон. Гэвч ямар гүндүүгүй гээд байрын мөнгөнөөс зугтах биш. Яах аргагүй л миний цалингаас хасагдаад байгаа учир анхнаасаа л өрөөний хөлсийг хамтдаа төлнө гээд цуг амьдарсан дүү хүүгээс авах нь гарцаагүй болохоор байрныхаа хөлсийг товолсон цаг хугацаанд авах гэж би өөрийн эрхгүй үглэж, тав дахь өдөр бүр дүү хүүг өр ширээ дарах болов уу гэж дотроо хоосон горьддог болчихов. Үнэндээ гурван сар цуг амьдрахад дүү хүү надад ганц ч удаа гүйцэт мөнгө өгөөгүй. Маргааш өгнө, нөгөөдөр өгнө, одоо алга гэсээр яаж ийж байгаад л дутуу мөнгө өгнө. Ингэсээр миний толгой эргэн хэдийг авах, хэзээ авахаа ч будилах янзтай.

Ийнхүү байсаар нэг л өдөр би тэвчээр алдан нүүрэн дээр нь "п–гаа асгаж”, зайл гэж шууд хэлчихлээ. Дүү хүү ч мөчөөгөө өгөлгүй:
–Чи намайг хөөх хэн юм бэ? Би чамд п–да биш! Тэгж ярих юм бол би их даруухан байгаад байгаа шүү! Битгий давраад байгаарай! гэж айлган, Өгнө ш дээ, өгнө ш дээ. Ямар огт өгөхгүй байгаа биш өгч л байгаа биз дээ...гэж байгаад л намайг зад загнав.

Тэрнээс хойш олон ч ам мурийцгаасан даа, бид. Намайг дүү хүү хоёрхон хариугаар л ам таглана. Нэг нь "Өгнө ш дээ, өгнө ш дээ...”, нөгөөх нь "Монгол хүн байж...”.

"Өгнө ш дээ, өгнө, ямар сүртэй юм. Өгөхгүй гэсэн хэн байгаа юм бэ?” гэхээр нь, Нээрээ л өгч л байгаа л даа. Өгөх л байх л даа гэж надад бодогддоно. Мөн "Монгол хүн байж, хэдхэн халтар цааснаас болж ямар сүржигнэдэг юм” гэж агсарахаар нь би олигтой зүйл хэлж чаддаггүй бөгөөд харьд удаж зожигроод би монгол биш болчихсон юм болов уу гэсэн сэжиг ч төрсөн гээч. Үнэндээ монгол хүн биш гэж хэлүүлэхээс л эмээгээд би түүний толгойг илээд байсан юм л даа.

Тав дахь өдөр надад "хар Баасан гариг” болов оо. Мөнгөө авч чадах болов уу? Яах бол? гэх мэт бодол эргэлдэж, барьж аваад хөөчихдөг юм билүү гэсэн хүсэл ч зэрэгцэнэ. Мөнгө төгрөгний асуудал толгойны өвчин болж заримдаа Баасан гаригт дүү хүү ирж хонохгүй эсвэл шөнө дөлөөр халамцуу ирнэ. Ажил хийгээд архи уугаад яваад байгаа юм чинь мөнгөтэй гэдэг нь ойлгомжтой л байхгүй юу. Би ч их бухимддаг байлаа.

Нэг шөнө халамцуу ирэхээр нь, орноосоо огцом өндийн:
–Чи хөөш! Байрныхаа мөнгийг яасан вэ? гээд зандартал:
–Чи ёстой хачин юмаа. Хүн дөнгөж орж ирж байхад сайн уу ч байхгүй. Шууд л мөнгө яриад...гээд миний амыг тагладаг юм байна... Нээрээ л үнэн л дээ. Хүн шөнө дөлөөр гэртээ орж ирэнгүүт нь нэг муу туранхай, царай муутай бор баагий мэнд ч байхгүй мөнгө шаналгах ямар аятайхан байх билээ дээ. Тэгээд би буруугаа гэмшин шөнөжингөө амаа жимийн, өөрийгөө зэмлэхийн хажуугаар дүү хүүг ч буруутган, хөнжилдөө хөрвөн тарчлан хонолоо. Учир начрыг нь тайлбарлаад Англид арай ингэж амьдарч болохгүй гэж хэлэхээр үглэсэн болчих гээд уурлахаар барилцаж авчих гээд тун хэцүү... Дүү хүүг би хэзээ ч ойлгохгүй харь ертөнцийн хүн шиг надад санагдаж байлаа. Хөлсөө өгөх өдөр хэл сураггүй таг алга болно. Намайг мөнгөө гэхээс нааш намба заагаад мөнгө гэдэг үгийг амнаасаа унагахгүй, хэлсэн ч цээрлэсэн аятай хэлнэ... Их сонин шүү. Нуулгүй хэлэхэд тэр намайг ч мөн хачин хүн гэж нэрлэдэг л дээ.
Хэдийгээр би тэр шөнөдөө унтаж чадалгүй хөрвөөсөн ч маргааш нь харин хамгийн аз жаргалтай байсан юм шүү! Ажилдаа явахаар хар үүрээр таван цагт босон 328 номерын автобусанд орохдоо үг дуугүй жинснийхээ арын халааснаас Оустэр картаа сугалан жолоочийн бүхээгний дэргэд байрлах уншигч аппарат дээр чэд гэж дуугаргаад дээд давхарт нь гаран сандал дээр суухдаа, Эд үнэхээр хурдан хөгжиж байна шүү. Саяхан л цаасан билеттэй байсан, гэтэл одоо бүгд электрон карттай болчихлоо. Харин манайхан хэрүүл амаа хийгээд л кондуктораасаа салаагүй байгаа шүү дээ гэж бодтол: Өгнө ш дээ, өгнө ш дээ. Ямар сүртэй юм. Өгөх гэсэн чинь дургүй хүргэчихлээ, харин. Болье тэгвэл, чамаар доромжлуулаад мөнгө төлөөд сууж явах ёстой юм уу? гэж шазруун хэрэлдэх дүү хүүгээ биш харин арваад жилийн өмнө Монголд автобусанд сууж яваа гэгээн дүрээ хардаг юм байна. Гэнэт л надад БИ МОНГОЛ ХҮН БАЙНА Ш ДЭЭ! гэдэг бодол, итгэл төрч, нүд чийгтэн, бахархсандаа бараг уйлах шахав.

Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа дүү хүүгээс хамаг мөнгөө салган өрөөнөөсөө гаргалаа. "Өгнө ш дээ, өгнө ш дээ” гээд ирээдүй цагаар хэрэлдэхэд нь "Өгөөгүй л байна ш дээ. Өгөөгүй л байна ш дээ” гэж одоо цагаар ярьж; "Монгол хүн байж” гэж хэлэхэд нь, "Монгол хүн хэрэлдэж байж байрныхаа мөнгийг төлдөг юм уу” гэж хариулан далан таваар нь буулгаж авсан даа.

Үүнээс хойш түүнтэй уулзаагүй явж байгаад саяхан монгол паабанд тааралдав. Надад нэг пайнт авч өгөөд өөрийгөө үнэн сэтгэлээсээ зэмлэн уучлал гуйсан шүү. Надаас л ухаантай, алдаагаа ойлгоод ямар хүн явснаа мартаагүй л байгаа юм даа.



Жич. Албатай мэт автобусанд сууж, мөнгөө төлөхгүй, ажлыг чинь хийлгэхгүй, хэрэлдэж явсан намайгаа Кондуктор ах эгч нар минь өршөөгөөрэй.
Жинхэнэ монгол хүн. Лондон.
2007.01.12

"Эндүүрэл ба бусад үгүүллэгүүд" богино үгүүллэгийн номноос

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>