М.ЭНХБОЛД: АРД ТҮМЭН НҮДТЭЙ, ХАРЖ БАЙГАА

689

М.ЭНХБОЛД: АРД ТҮМЭН НҮДТЭЙ, ХАРЖ БАЙГАА"Би Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн олонх нь ч хүлээж авах болов уу гэж найдаж байна. Ер нь энэ Өршөөлийн тухай хууль батлагдсан болон Өршөөлийн тухай хуулийг Засгийн газар анх ямар юм өргөн бариад Их хурал дээр яаж хэлэлцэгдээд, эцэстээ яаж батлагдсан бэ? гэдгийг бид хэдийгээр хаалттай хуралдсан ч гэсэн эргүүлж нэг бодож, хаа хаанаа хариуцлагын тухай ярих ёстой юм биш үү?

Хууль тогтоох дээд байгууллага маань Монгол улсын төрийн эрх мэдлийг яаж авч явж байгаа юм бэ? Авч явж чадаж байна уу, эсвэл бүр чадахгүй байна уу? Би хувьдаа бол чадахгүй байна гэж бодож байгаа. Өршөөлийн хуулийг өргөн барьсан Засгийн газар өөрийнхөө өргөн барьсан тэр хуулийг танихаа байчихсан шүү дээ. Энэ хуулийг гэнэтхэн яаруу дааруу хэлэлцэх болоод л 8 дугаар сарын 6-нд Ээлжит бус чуулган зарласан. Тэгээд зургаан сайдыг чөлөөлөх, Өршөөлийн хууль батлах зэрэг цаагуураа учир холбогдолтой хоёр гурван асуудлыг л ярилцахаар яаравчилцгаасан. Өнөөдөр үүний уршиг нь юу болж байна вэ? гэвэл бидний сүүийн арваад жил ярьсан, дэлхий нийтээрээ ярьж байгаа авлигатай тэмцэх асуудалд Монголын төр өөрөө ямар үнэлэлт дүгнэлтэнд хүрэв, олон улсын тавцанд Монголын нэр хүнд яаж унав? Зүгээр хэвийн ажлаа хийж байсан Авлигатай тэмцэх газар гэдэг байгууллага бараг хийх ажилгүй шахуу болохоор тийм л хуулийг хүчээр баталсан. Аргаа бараад эцсийн хэлэлцүүлэг дээр нь бид "Хуралд оролцохгүй” гээд гарсан. Тэгсэн ердөө дөч хоногийн дараа бид өнөөдөр юу яриад сууж байна вэ? Өөрсдийнхөө хийсэн юмыг л засаж залруулах гээд сууж байгаа. Аль 8 дугаар сарын эхээр л энэ чинь ойлгомжтой байсан. Тийм учраас энэ хоригийг хүлээж авах хэрэгтэй.

Ер нь гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жил дээр нь Өршөөлийн хууль гаргачихаад л тэгээд өөрсдийгөө "Төр засаг барьж байна, төрийн эрх хэрэгжүүлж байнаа” гэж бодохын хэрэг байхгүй. Ард түмэн бас нүдтэй, харж л байгаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн намуудын удирдлагуудыг би урьж уулзсан. Нийт 22 намын удирдлагуудыг урьснаас 20 намын дарга нь ирсэн. Тэр үеэр Парламентад суудалтай намын удирдлагууд руу суудалгүй, гадна талд байгаа намын удирдлагууд Өршөөлийн хууль баталсантай холбогдуулж дайрч байна лээ. Энэ бол Монголын нэг хэсгийн бодол санааны илэрхийлэл, Монголын бас нэг хэсэг төлөөлөл, нүүр царай гэж бодож байгаа. Тийм учраас бид өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж шийдээд, цааш нь энэ дөч хоногийн хугацаанд өршөөгдөхөө хүлээгээд байгаа тэр хоёр мянга орчим хүний чөлөөлөгдөх асуудал яагаад хойшилсон, хэний буруу байсан бэ? гэдгийг би хууль зүйн байнгын хороог яриасай гэж хүсч байна. Үнэхээр авлига, албан тушаалын холбогдолтой хэргийг нь дараагийн гарах хуулинд өршөөлд хамруулахгүй байхаар шийдэж, олон түмэнд шударгаар ажлын илтгэл тайлангаа тавьчихдаг, хэрэв шударга ажиллаж чадаагүй бол тэр нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээчихдэг, ийм хууль зүйн нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ асуудлыг хэлэлцсэний дараа шинээр үүсэх тэр нөхцөл байдал, хуулийг хугацаа алдалгүй шууд үргэлжлүүлэн энэ ээлжит бус хурлынхаа үеэр эцэслэн шийдэх ёстой гэж үзэж байна.”

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>