З.Баянсэлэнгэ сайд өрөөгөө засуулж орно гэж томорчээ

810
МАН-ын хөөгдсөн зургаан сайдын орыг бөглөж, найман сар хүрэхгүй хугацаанд сайдын сандал дээр сууж үзэх гэсэн зургаан сайд өнгөрөгч долоо хоногоос эхлэн ажилдаа ороод байгаа. Мэдээж тэд энэ богинохон хугацаанд яам агентлагт өөрчлөлт шинэчлэлт хийгээд овоож оцойсон ажил хийхгүй нь тодорхой.

Очсон яамныхаа ажлыг урагшаа явуулахгүй юм гэхэд улдан чангаахгүй явчихвал болно хэмээн намууд бэлэгдлийн сайд нар явуулсан. Харамсалтай нь түр зуурын сайд нар маань өөрийгөө ёстой л дөрвөн жилээр энд ирчихсэн хэмээн мөрөөдөж яамны байранд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа сурагтай.

Зарим нэг нь ажлаа авсан даруйдаа бодлогын том өөрчлөлт ярьж, ард түмний санал бодлыг сонсч, үүнийгээ ажилдаа тусгаж ажиллаж байхад нөгөө хэсэг нь сайдын өрөөний сандал ширээхэнтэйгээ зууралдаж байгаа сураг дуулдав. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ. Тамгаа гардаж авсан даруйдаа эрхэм сайдтан өрөөний тохижилтоо голж шилэн өөрчлөлт хийх үүрэг яамныхандаа өгсөн талаар жиг жуг яриа гарч эхэлжээ.

Хуучин сайдын хуучин тавилгыг хэрэглэхгүй, бас шинэхэн будаг нь ханхалсан өрөөнд сууна гэж томорсон юм байх аа. Төр засаг, ард түмэнгүй хямралын бодлогод шилжсэн. Төсвийн үргүй зардлыг танаж, сандал ширээнд мөнгө зарлагадахгүй байх чиглэлийг Засгийн газар өгсөн. Хямралтай үед нэг сандал авсан бол ажлаа өг гэх тулган шаардалт ч төрийн байгууллагуудаар явсан. Харин энэ хямралын бодлого Барилгын сайдад огт хамаагүй бололтой.

Би ардынхаа дунд амьдардаг. Гэр хороололд нүүрс түлдэг хэмээн пиардаж явдаг хатагтай тун хурдан зангаа өөрчилсөн бололтой шүү. Хуучин сайдын хэрэглэж байсан зүйлийг хэрэглэхгүй хэмээн ихэрхэх араншин олигархиудаас гардаг гэдгийг З.Баянсэлэнгэ сайдад сануулчихъя.

Яаж ажиллах вэ гэдэгт бус хэрхэн ямбалах вэ гэдэгт суралцаж буй хатагтай Сэлэнгээ өнөөдөр намын дарга Н.Энхбаярынхаа төлөө чуулганы хуралдаан дээр ёстой л улаан цагаандаа гаран тэнэгтэж өгсөн. Хэний татаасаар хаана очсоноо харуулсан эрхэм гишүүний ичих нүүрээ барсан энэхүү цамнал сүүлдээ бүр хэрээс хэтэрч буйг сануулах нь зүйн хэрэг. Төрийн албан өрөө, парламентын танхимыг гудамж шиг санаж хэн дуртайгаа загнаж, зүхэж, хараадаг газар хэмээн бүү эндүүрээрэй, сайдтаан.

Б.Балжир

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>