Б.Отгонбаяр: Төрийн далбаа мандах үед зүүдлээд байна уу гэж бодсон

947

Таеквандогийн ДАШТ-ээс хосинсул (зохиомжит тулаан) төрөлд анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, алтан соёмбот далбаагаа Болгарын тэнгэрт мандуулсан Монголын шигшээ багийн тамирчин Б.Отгонбаяртай ярилцлаа.

-Таеквондогийн ДАШТ-ий хосинсул төрөлд оролцож, анхны мөнгөн медалийг  эх орондоо авчирсан гэ­сэн сай­хан мэдээг сонслоо. Баяр хүргэе. Дэлхийн аваргад анх удаагаа  оролцсон  уу?
-Монгол  улсын  шигшээ багийн тамирчид өнгөрсөн са­­рын 24-30-нд Болгар улсын Пловдив хотноо зохиогдсон Олон улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаа­гийн дэлхийн аварга шал­га­руулах тэмцээнд ам­жилттай орол­цоод ирлээ. Энэ жилийн тэмцээнд 81 орны 800 гаруй та­мирчин өрсөлдсөн. Манай шигшээ багийн тамирчин Б.Биш­­гарав, Х.Жандос, Ц.Галсан­тогтох бид дөрөв Хо­син­­­­сул төрөлдөө анхны мөнгөн ме­далийг эх орондоо авчирлаа.

-Хосинсулийн төрлийн та­лаар ма­най уншигчдад тайл­барлаж өгөөч?
-Хосинсул гэдэг нь болзолт уралдаан гэсэн утгатай. Нэг ёсондоо дөрвөн хүний эсрэг тулалдаж, богино хэмжээний кино хийнэ гэсэн үг. Манай улсын таеквандогийн баг та­мирчид 2013, 2014 онуудын дэлхийн аваргад амжилттай орол­цож байсан. Гэхдээ  хосин­сулын төрөлд оролцож медаль авсан тамирчин байхгүй. Энэ утгаараа их олзуурхаж байна.

-Хэчнээн жил таек­ван­до­гоор хичээллэж байна. Гар­­гасан ам­жилтаасаа дурьд­вал?
-Би 2011 онд МҮДС-д элсч, 2013 оны хоёрдугаар сараас эх­лэн Мүн Саниль гэдэг  солонгос багшийнхаа удирдлаган дор таек­вандогийн  спортоор  анх  хи­чээллэж эхэлсэн. Энэ спор­тоор хи­чээллэж эхэл­сэнээсээ хойш Улсын аваргад хоёр удаа орол­цож, алт, мөнгө, хүрэл медалийг тус тус хүртсэн. Мөн  ОХУ-д зохиогдсон олон улсын чанартай тэмцээнд анх  удаагаа оролцож алтан медаль авсан. Энэ удаагийн  ДАШТ миний хувьд дөрөв дэх томоохон тэмцээн байлаа. Одоо ирэх оны дөрөв­дүгээр сард болох Азийн аварга шал­га­руулах тэмцээнийхээ  бэлтгэлд удахгүй гарахаар төлөвлөж байна даа.

-Ер нь яагаад таекван­догийн спортыг сонгон хи­чээллэх болсон юм бэ?
-Хүний сонирхол л юм даа. Ингээд хэлэхээр хүмүүс гай­хах байх. Гэхдээ би өндөр болохын тулд таеквандогийн спортоор хичээллэж эхэлсэн. \инээв\ Би чинь их намхан хүн шүү дээ. Сур­гуулилтын яв­цад байнга сунгалтын дасгал хийдэг, мөн  эр зоригийн спорт учраас өөрөө өөрийгөө ялан дийлэх зо­рилготойгоор л энэ спортод хөл тавь­сан. Тэр үед  эх орноо ДАШТ-д төлөөлөн орол­цож, ийм амжилт гаргана гэж зүүдлээ ч үгүй явлаа. Байн­га дасгал сур­­гуулилт хийж эхэл­сэнээсээ хойш өөрийн эрх­гүй таеквандогийн  спортод дурлаж эхэлсэн.

-Тэгээд өндөр болсон уу?
-Үнэнийг хэлэхэд өсөөгүй л дээ.Хи­чээгээд А, Б-ээр суудаг ч гэсэн  өсөхгүй байгаа юм. Гэхдээ надад ам­жилт гаргах сайхан байна. Тэр үед энэ спортоор хичээллэчихвэл өндөр болох юм шиг санаж дэндүү ахархан бодсон байна билээ. Таеквандо бол аугаа спорт. Хү­нийг хүмүүжүүлнэ, ухааруулна.

-Чиний оролцсон  төрлөөс Монгол Улс анх удаагаа медаль хүртсэн гэж дээр хэл­сэн шүү дээ. Тэр том тэм­­цээнээс медаль хүртэж, Монгол Улсын төрийн дал­баа Болгар улсын тэнгэрт мандах тэр мөчид чамд юу бодогдож байсан бэ?
-Би зүүдлээд байна уу гэж бодсон. Бүр өөрийгөө чимхэж  үзсэн. Хажууд зогсч байсан найздаа намайг нэг чим­хээ­дэхээч гэж хүртэл хэлсэн. Яагаад гэвэл таеквандогийн дэлхийн аварга шалгаруулах тэр том тэмцээнд анх удаа­гаа оролцсон. Хэдийгээр сэт­гэлзүйгээ сайн бэлтгэсэн бай­сан ч, амжилтдаа үнэндээ итгэж чадаагүй. Медалиа ав­саныхаа дараа хазаад, тэврээд л. Улаанбаатарт ирэх хүртлээ медалиа энгэрээсээ салгаагүй.

-Хамгийн хүчтэй өрсөл­дөгчдөө нэр­лээч, аль улсын та­мирчид хам­гийн чанга байв?
-Сул   тамирчин   гэж   байдаг­гүй. Сул бэлтгэл гэж байдаг байх. Бүх тамирчид хүчтэй. Хэн сайн бэлтгэл сургуулилтаа хий­сэн, хэн азтай, одтой нь ялна. Хосинсулын төрөлд дэлхийн 13 улсын тамирчин  оролцсон. Финалд манай шигшээ баг ОХУ, Болгар, Солонгос улсын тамир­чидтай тунаж үлдсэн. Манайх Солонгосын багийг ялаад финалд шалгарсан ч, маргааш нь финалын тэмцээнд нэг онооны зөрүүтэйгээр ялагд­чихсан. Тамирчид бүгд хүчтэй, жигд бэлтгэлтэй байсан. Ер нь бэлтгэл сургуулилт, сэт­гэл­зүйн бэлтгэлийг та­мирчин хүн хослуулсан байх ёстой юм байна гэдгийг энэ удаагийн тэмцээнээс ухаарлаа.

-Чиний мөрөөдөл юу вэ?
-Таеквандогийн ДАШТ-ий амжилтаа бататгах. Зүгээр ч нэг бататгах бус өнгийг нь ху­вир­гахыг хүсч байна. Хэ­рэв ингэж чадвал миний мө­рөө­дөл биеллээ оллоо гэ­сэн үг. Цааш цаашдынхаа тэм­цээн  урал­даанд хичээгээд сум орон нутаг, улс орныхоо нэ­рийг дэл­хийн тавцанд гар­гах том мөрөөдлийг тээж явна. Мө­рөөд­лөө биелүүлэх хам­гийн анх­ныхаа алхмыг сая хий­сэндээ баяртай байна. Ер нь мөн­гөн медалийг нь хүрт­сэн юм чинь төрийн дууллаа яагаад эгшиг­лүүлж болохгүй гэж. Ми­ний хувьд урдаа тавьсан  том зо­рилт, мөрөөдлөө биелүүлж чад­на гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Аливаа амжилтын цаана  гэр бүл байдаг гэдэг. Үр хүү­хэд нь амжилт гаргахад өөрөөс нь ч илүү баярладаг  хүмүүс бол ээжүүд. Магадгүй чи­ний амжилтад ээжийн тань залбирал, амжилт ерөөж өргөсөн сүүн цацал нь нөлөөлсөн ч юм бил үү?
-Тийм шүү. Намайг дэмжиж, хайрлаж, хүндэлдэг бүх хү­мүүсийнхээ ачаар л би амжилт гаргасан гэж бодож байна. Ялангуяа ээж минь байна. Тэмцээнд явдаг өдөр ээж  гар­гаж өгсөн. "За миний хүү эр­гээд ирэхэд чинь ээж нь хө­дөө явчихсан байна. Сайн яваад,  амжилт гаргаад ирээ­рэй” гэж хэлээд миний нэг хацрыг үнсээд "иргээд ирэхэд чинь нөгөө хацрыг нь үнсэнээ” гэсэн. Тэр үед ээжийгээ тэв­рээд уйлмаар  санагдаж билээ.

Гэхдээ миний хамгийн их хүсч байсан зүйл ДАШТ-ий алтан медаль. Ямар ч хүн аварга болохыг  хүсдэг.  Энэ дашрамд ээждээ маш их хайртай гэдгээ хэлье. Мөн намайг ойлгож, дэмждэг ханьдаа  баярлалаа. Хэдэн сараар бэлтгэл сургуу­лилт хийгээд, үр хүүхэд, хань ижилгүй мэт л явдаг хүн шүү дээ би. Хань минь бүх талаар намайг дэмжиж, түших  тулгуур минь болж яв­даг. Цаашдаа улам амжилт гаргахын төлөө хичээнэ. Ямар ч байсан мө­рөөдлөө биелүүлж, аваргын алтан медалийг авахаас наана санаа минь амрахгүй.

-Чамтай уулзахаасаа өм­нө фэйсбүүк хуудас дахь зураг­нуудыг чинь со­нирхож байлаа. ДАШТ-ий үеэр тол­гой дээрээ жанжин малгай тавь­сан сонирхолтой зураг тэнд байсан. Тэр малгайг Монголоос авч явсан уу?
-Олон улсын таеквандогийн Оргио багш  маань  олон  том  тэмцээн урал­даанд оролцож бай­сан туршлагатай хүн шүү дээ. Багш өөрсдийнхөө гол билэг тэм­дгээ тэмцээнд авч явах хэрэгтэй. Үндэсний соёл гэдэг тэмцээн уралдаанд  чу­­хал байдаг юм гэж зөвлөсөн. Тиймээс  жанжин малгайгаа үндэсний билэг тэмдгийн зо­риулалтаар авч явсан юм. Тэмцээнд орохынхоо өмнө мал­гайгаа өмссөн. Хүмүүс их сонирхдог  юм би­лээ. Чин­гисийн Монгол гээд зургаа авахуулах гэж дараалал үүс­­гээд. Үнэндээ тэр малгайг дэл­хий анддаггүй юм билээ. Тэр үед Монголоороо омогших сэтгэл төрж байсан.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>