Чацарганы чанамал хэрхэн хийх вэ?

1157

Өвөл хэрэглэх чацарганаа аваад хөлдөөчихсөн байтлаа бэлэн шүүсийг нь дэлгүүрээс авч уугаад байдаг. Ер  чацарганыг шүүснээс өөр маягаар хүнсэндээ хэрэглэж байгаагүй байхаа. Уг  нь бол супер хүнсний тоонд ороод эрүүл мэндийн ач тус барагдахгүй их гээд хэлэх зүйл олон. Тийм болохоор чацарганыг  төрөлжүүлэн  боловсруулж хэрэглэх  арга хайж үзэхэд нэг ийм чацарганы чанамал  хийж үзлээ. Амт нь ч бас боломжийн амттай. Нөгөө час хийсэн исгэлэн  амт  арай зөөлрөөд гоё ч болсон юм шиг. Чацарганы чанамал хэрхэн хийх талаар уншихад чацарганд пектин хэмээх чанамал хийхэд барьцалдуулах нөлөөтэй бодис байдаггүй учраас алимны нухшаар пектинжүүлж хийдэг юм байна. Ясыг бас шүүж авсангүй нөгөө ид шидтэй эрүүл  мэндийн  бодис энд  агуулагдаж байдаг  юм байна. Ястай хальстай тэр чигээр  нь хийлээ. Бага насны хүүхдэд  өгөх  бол яс хальсыг нь шүүж байгаад  өгөхөд болох байх. Гарц нь 400 гр орчим болж байна. 

Орцонд

  • Чацаргана 200гр

  • Алим 1 ш

  • Элсэн чихэр 200гр  (чихэр  орлуулагч хийж болно) 

  • Зөгийн  бал 1 хоолны халбага

  • чимх давс

  • Ус 250 гр

Хийх арга

  1. Чанамал хийх шилээ буцалгаж ариутгасан байх. 400 гр багтаамжтай байхад  болно.

  2. Эхлээд чацарганаа саванд хийж бяцлаад дээрээс нь ус хийнэ. Алимаа хальсыг  нь авч жижиглээд чацаргана дээрээ нэмнэ. Ингээд 20 минут орчим буцалгахад алим зөөлөрсөн байна. Алим зөөлрөхөд бяцалж жижиглэнэ. Ингээд дээрээс нь элсэн  чихрээ хийж 20 минут  орчим  галаа бага дээр тохируулан  зөөлөн буцалгана. Ингэхэд  жүүс маань өтгөрч эхлэнэ. Модон халбага дүрж үзэхэд бүрхэж байвал  чанамал  болсон  байна. 

  3. Ариутгасан шилэндээ чанамалаа хийгээд хөртөл  нь таглахгүй байх. Хөргөсний дараа таглаад хөргөгчинд хийнэ. Ингээд  хөргөгчинд  байлгаад идээд байх боломжтой. Хөргөсний дараа чанамал  өтгөрч түрхэхэд  урсахгүй байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>