Э.Бат-Үүл “Хотын ногоон хөгжил” форумыг нээж үг хэллээ

1093

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотуудын "Хотын ногоон хөгжил” форум Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх форумыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж үг хэллээ. 
  
  
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө 
  
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

  

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн хотын дарга нарын "Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаанд оролцохоор ирсэн хүндэт хотын дарга нар, зочид, төлөөлөгчдөд  чин сэтгэлийн талархал илэрхийлье.   

 

Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа Зүүн Хойд Азийн Хотын дарга нарын форумыг зохион байгуулж хотын тогтвортой хөгжлийг хангах, хурдацтай хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдсэн хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөл, хүчин зүйлүүдийг оновчтой шийдвэрлэж иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, ногоон эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцон хамтын ажиллагааг өргөжүүлсэн, өндөр үр дүнтэй  хуралдаан болсон билээ. 

 

Харин энэ удаад Зүүн Хойд Азийн хотууд "Ногоон хотын хөгжил” сэдвээр хэлэлцэж, ярилцахаар Улаанбаатар хотод чуулж байна. Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг сонсоно гэдэгт итгэж байна. 

 

Дэлхий дахинаа, түүний дотор Ази тивийн хотууд хот суурин газрын хөгжлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд илүү анхаарал тавих болж, хот суурин газрын ногоон хөгжлийн бодлогоо гаргах болсон боловч бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт зэрэг сорилт хот суурин газар бүрт нүүрлэж байна. Эдгээр сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд аж үйлдвэр, тээвэр, орон сууц, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт ногоон технологи нэвтрүүлж, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, амьдрах орчныг сайжруулахад анхаарал хандуулан ажилладаг болжээ.  Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, хотод ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үүднээс бид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Үндэсний ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж "Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги”-ийн төлөвлөгөөний төслийг боловсруулж байна. 

 

Энэхүү хуралдаан нь 12 дугаар сард Франц улсын Парис хотноо болох "Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-ыг угтан бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Бид энэхүү хуралдаанаас гарсан уриалгыг дээрх хуралдаанд өргөн барьж, танилцуулан ажиллахаар бэлдэж байна. Эрхэм хүндэт хуралдааны төлөөлөгчид та бүхнийг ч үүнтэй санал нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа та бүхнийг манай хотод тавтай морилно уу гэж урихын ялдамд хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсье.Энэ удаагийн форумд бүс нутгийн дөрвөн улс буюу БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын найман хотын дарга, орлогч дарга болон ОУ-ын байгууллагын төлөөлөгчид оролцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>