Зайсангийн 106 иргэнд газрын гэрчилгээ гардуулав

256

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсангийн 106 иргэнд газар ашиглах гэрчилгээ гардууллаа.

Тухайн газар нутагт амьдарч байгаа иргэдээс 305 нь газрын гэрчилгээгээ авсан байсан бол 106 иргэн нэмж газар ашиглах гэрчилгээгээ гардсанаар нийт 411 өрх хууль ёсны газартай болж газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болжээ.

Сайд Н.Батцэрэг "Богдхан уулын дархан цаазат газарт олон жил амьдарсан уугуул иргэдийн газрыг бүртгэлжүүлэн, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 11 дүгээр хорооны 92 иргэнд, 4 дүгээр хорооны 14 иргэнд тус тус газар ашиглах гэрчилгээг нь гардуулж байгаадаа баяртай байна. Цаашдаа энэхүү иргэдийн газрын асуудлыг шийдэх ажил ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Богд уул, Зайсангийн газрын асуудал хамгийн их маргаан дагуулдаг. Уг ажлыг гүйцэтгэх явцад газрын хэмжээ харилцан адилгүй, нэг хашаан дахь айл өрхийн тоо олон, орох гарах зай завсаргүй шахаж буусан, хаягийн шилжүүлэггүй гэх мэт олон бэрхшээл тулгарчээ. Тухайлбал Арцатын аманд л гэхэд хамгийн бага нь 247.07 м.кв талбайтай айл байхад хамгийн том нь 6308.27 м.кв талбайтай айл байгаа юм. Хуулийн дагуу нэг иргэнд 0.05 га-гаас ихгүй газарт гэрчилгээ олгох тул том талбайтай айл өрхүүдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцох ажил явагдаж байгаа аж.

Харин төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршиж буй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан тохиолдолд газар ашиглах гэрчилгээг олгох боломжгүй юм байна.

Б.Туул


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.