Ж.Мөнхбат: МАН-ын залуус буруугүй
Монгол ардын намтай холбоотой хэд хэдэн хэргүүд гарсан талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр/IX.22/ мэдээлэл хийлээ.
Тэрээр "Сүүлийн үед манай намын залуусыг хууль зөрчсөн, танхайрсан, хэрэгт холбогдсон талаарх ташаа мэдээлэл цөөнгүй гараад байна. МАН-ын гишүүд орон нутагт явж байхдаа нэгнийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн, Говь-Алтай аймагт чуулган зохион байгуулаад буцах үеэр машин шатаасан хэрэг огтхон ч гараагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Мөн энэ мэт мэдээллийг зориудаар тарааж байгаа хүмүүст "болиоч ээ" гэж хэлмээр байна" гэсэн юм.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хууль зөрчин хуралдаж Засаг дарга С.Насанбатыг огцруулсан нь буруу гэж мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль бусаар хуралдсан хуралдаанаас нэр дэвшүүлсэн Засаг даргыг батламжилсан. Энэ асуудлыг өнөөдөр хуралдах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх аж.
"УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй. Ажлын хэсгийнхэн ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс улс төрийн 20 намаас төлөөлөл хуралдаж ажлын хэсэг байгуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Хуульд зааснаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө Засгийн газраас санал авах ёстой. Энэ дагуу энэ долоо хоногтоо багтаан тус хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлж, санал авна" гэж МАН-ын генсек мэдээллээ.