УИХ-ын дарга З.Энхболд Уралын холбооны их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тэрээр энэ сарын 24-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлалаа Свердловск мужид үргэлжлүүлж байна. Свердловск мужид хийж буй айлчлалын үеэр, Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.09.24/ ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн захирал В.А.Кокшаров болон тус их сургуулийн удирдлагууд эрдэмтэдтэй уулзалт хийв. Уралын Холбооны Их Сургууль нь ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит их сургууль бөгөөд ОХУ-ын болон олон улсын мянга мянган оюутнууд сурдаг эрдмийн өргөө болохыг тус сургуулийн захирал В.А.Кокшаров уулзалтын эхэнд хэлж байв.
УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн удирдлагуудтай уулзалт хийх үеэр хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын бүс нутаг тэр дундаа Свердловск мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд их ач холбогдол өгдөг. Манай төрөлх Уралын Политехникийн Их Сургууль /хуучин нэрээр/ Монгол Улс болон Свердловск муж хоорондын хамтын ажиллагаанд үндсэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Сүүлийн 60 гаруй жилийн турш Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буй монголын өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж байгаа сургуулийн нэг бол Уралын Холбооны Их Сургууль юм. Өнөөдөр ч гэсэн манай оюутнууд тус сургуульд амжилттай суралцахын зэрэгцээ 2013 оноос Уралд төгсөгчдийн холбоо манайд үйл ажиллагаа явуулж байна гэв. Уралын Холбооны Их Сургууль өмнө нь С.М.Кировын нэрэмжит Уралын Политехникийн Их Сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1992 онд Уралын Улсын Техникийн Их Сургууль болж, улмаар 2008 оны дөрөвдүгээр сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит болсонд баяртай байна. 2010 онд тус сургуулийг А.М.Горькийн нэрэмжит Уралын Улсын Их Сургуультай нэгтгэж Уралын Холбооны их сургууль болон өргөжсөн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар Свердловск мужтай шинжлэх ухаан, боловсрол, аж үйлдвэрлэл, эрчим хүч болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх боломж байгаа.
Цаашид бид ОХУ-ын Холбооны төсвийн зардлаар Оросын Холбооны их дээд сургуулиудад суралцах квотыг нэмүүлэх мөн монголын оюутнуудын стипендийг өсгөх зэргээр боловсролын салбарын хүрээнд судалгааны хамтарсан баг ажилуулах хүсэлтэй байна. Хоёр улсын хооронд байгуулагдсан "Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онуудад хамтран ажиллах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан явдал бол энэхүү салбарын хамтын ажиллагааг баяжуулж байгаагийн нэг хэлбэр юм гэж үзэж байгаа гэв. Бид бүхний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд би бүхий л чадлаараа дэмжин ажиллах болно хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм.
Уралын Холбооны Их Сургуулийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мөн төгсөж
байсан бөгөөд тус сургуулийн удирдлагууд зочдод сургуулийн өнөөдрийн
хүрсэн түвшин болон үйл ажиллагааг танилцууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.