Д.Мөрөн, Н.Ганболд нар үгээ хэлэх цаг болсон

797

Д.Мөрөн, Н.Ганболд нар үгээ хэлэх цаг болсон

 

Ардчиллын удирдагч С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хөнөөгдсөн. Түүний амиа алдсанаас хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр бүгд л хэлэх  үг, хөшөөнд нь өргөх цэцгээ бодчихсон яваа байх. Харамсалтай.

 

Манайд байдал ийм байна. Тэгвэл Олон улсын парламентын холбооноос 1998 оны аравдугаар сарын 2-нд Монголд болсон  улстөрийн аллагын  хэрэг илрэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлэх болсныг мэдэгдээд байна.Тэд юунд эргэлзэх болов оо?

 

 Хэрэг илрэлгүй 17 дахь намартайгаа золгож байгааг бол хэн ч хэлнэ. Гэхдээ дэргэд нь  бүлтийтэл харж байсан гэрч бий. Гэрчтэй  хэрэг  илрэхгүй байна гэж  үгүйг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ.  Тэгвэл цагдаа, тагнуулынхан яаж ажиллав. Хэргийг саармагжуулах гаднын нөлөө орсон уу, орсон бол хаанахын хэн бэ. Гэрчийг дуугарч чадахгүй болтол дарамталсан юм биш байгаа. Хэрэг бүрдүүлэлт зөв явагдсан уу, бүрдүүлсэн материал бүрэн бүтэн хадгалагдаж байна уу. Юунаас болоод хэрэг илрэхгүй байна вэ? Энэ бүх асуултад хариулах ёстой, хэргийн газарт анх очсон хийгээд тэнд хийсэн  анхан шатны үзлэгээс өгсүүлээд бүхий л  шатанд ажилласан хүмүүс  яагаад дуугардаггүй юм бэ. Тэдний амыг хэн үдчихэв гээд олон асуулт бий. Магадгүй энэ нь Олон улсын парламентын холбоонд эргэлзээ төрүүлсэн болов уу. Эргэлзээ төрүүлж байна гэдэг нь хариу нэхэж байна гэсэн үг. Бас ил тод байдлыг шаардаж байна ч гэж ойлгож болно. Үүнд тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга  байсан Н.Ганболд нар л  хариулж чадна.

 

Ганцхан жишээ хэлэхэд, 1998 оны аравдугаар сарын 2-ны орой С.Зориг бусдын гарт амь насаа алдсаныг дуулаад гэр /хэргийн газар/-т нь очсон тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ш.Батбаяр  "...Хэргийн газар намайг анх очиход цагдаагийнхан болон нэлээн хэдэн хүн ирчихсэн байсан хэрнээ ийшээ орж болохгүй, ул мөр  баллана гэж хэн ч хориогүй учраас би шууд  яваад орсон. Тухайн үед Цагдаагийн ерөнхий дарга Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд хүртэл ирчихсэн  байсан шүү  дээ” хэмээн хэвлэлд ярьсан нь бий.  Цагдаагийн дарга нар очсон  атлаа  хэргийн газар руу олон хүнийг оруулж гарган, ул мөрийг нь  баллаж  шинжилгээ  хийхгүй байгаад байсан  тухай  мэдээлэл ч дуулддаг.

 

Хамгийн сонирхолтой нь задлан шинжилгээ хийсэн үйл явц  ихээхэн "но”-тойн дээр Д.Мөрөнгийн нэр холбогддог. Хэрэг гарсны маргааш өглөө талийгаачийн биед дахин задлан шинжилгээ хийж,  Д.Мөрөн дарга  Засгийн газрын хуралдаанд болсон явдлыг танилцуулахад  ямар ч комисс томилолгүйгээр, шүүх эмнэлгийн жижүүрийн эмчтэй, цагдаагаас өөр  хэн орсон нь мэдэгдэхгүй задлан шинжилгээ хийснийг, урд орой нь 16 удаа хутгалуулсан гэж мэдээлчихээд,  өглөө нь 18 юм байна хэмээн мэдээллээ өөрчилсөн зэргийг  тухайн үед  Ш.Батбаяр сайд шүүмжилж байж.  Д.Мөрөн үүнийгээ "Хэргийн  талаар ямар нэгэн маргаан гараагүй тохиолдолд цагдаа өөрөө  задлан шинжилгээ хийдэг юм” гэж тайлбарласан байдаг. Цаашилбал, Э.Бат-Үүлийн  малгай  гэрээс нь олдсон, "Миний малгай байна” гэнгүүт нь цагдаагийнхан шалгаж шинжлэлгүй   эзэнд нь аваачаад өгчихсөн , хавтаст хэргээс байсхийгээд тав зургаан хуудас сох дутаж, мөрдөн байцаагчид нөхөж бүрдүүлдэг байсан. Талийгаачийн цустай цамц алга болсон, хэрэг гарахад гэрийнх нь коридорт байсан биологийн маш их материал-мэдээлэл агуулсан хивсийг айлын хашаанд аваачиж шатаасан  гэхчлэн хардлага дагуулсан мэдээллүүд олон бий. Тэр болгоныг бичвэл энд багтахгүй. Ямартай ч хэргийн газар дахь үзлэг, шинжилгээ, материал  бүрдүүлэлт, задлан шинжилгээ гэхчлэн бүх үйл явц нэг иймэрхүү хайнга байдалтай болж өнгөрсөн байдаг. 

 

Хэргийн талаар хэн, юу хэлж байсныг нэхэн сануулахад,  1999 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд Л.Цог  "Сэжиглэж тогтоосон хүн байгаа” гэсэн  бол мөн оны  есдүгээр сарын 20-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа  Д.Мөрөн  "С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа” хэмээн  мэдэгдэж байжээ. Гэвч хэрэг илрээгүй,  харин Д.Мөрөн "Хэргийг илрүүлнэ”  хэмээн амлаж  2000 оны сонгуулиар  Их хурлын гишүүн болж байв. Гишүүний суудлаас буусны  дараа ч албан тушаалын шатаар байнга  өгсөж ирсэн.

 

Тухайлбал, МАН-ын  хуулийн бодлогын зөвлөх болж, саяхныг хүртэл Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байв. Газрын даргын ажлаа хүлээлгэж өгсний дараа төрхөмдөө буцаж хуучин хийж байсан ажлаа үргэлжлүүлэх болсон. Н.Ганболдын хувьд ч ялгаагүй.  1996-1998 онд ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга байсан тэрээр  С.Зориг агсны амь  насыг хөнөөсөн аймшигт  хэрэг дээр  ажиллаж байсан хүний нэг.  1998-2006 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2006-2008 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн даргаар тус тус дэвшин ажилласан. 2011 оны арваннэгдүгээр сард  Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байгаа.

 

Улстөрийн аймшигт аллага болсон тухайн үеийн төр, засгийн тогтолцоог авч үзвэл  АН олонх, Ерөнхийлөгчөөр Н.Багабанди, УИХ-ын даргаар Р.Гончигдорж нар ажиллаж байсан.  АН-ын дотоод зөрчил хурцадмал, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэй, С.Зориг агсны нэр Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдад яригдаж байсан үе байв.  Улстөрийн аймшигт аллагын   хэргийг илрүүлэхэд  ажилласан цагдаагийн  эрхмүүдийн  улстөрийн угшлыг авч үзвэл, Д.Мөрөн МАН-ын, харин Н.Ганболдыг  АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн шадар хүн гэлцдэг.

 

Хэрэг гарах үед нууц мэдээллийн мөрөөр ажилласан цагдаагийн бас нэг  нууц ноёнтон  байдаг ч өнөө болтол чимээгүй байдаг. Хаана  яваа нь тодорхойгүй  сураг алдарсан. Тухайн үед  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өндөр албан тушаал хашиж байсан. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газрын дарга нарын халаа, сэлгээний үеэр албан тушаалд нэр нь дуулддаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдийг илрүүлэх ажлын хэсэгт ажилласан цагдаагийн эрхмүүд ийнхүү албан тушаалын шат ахиж, хэргийг илрүүлэх ажиллагаанаас хөндийрсөн бол ажлын хэсгээс хасагдсан тэр үеийн шилдэг мөрдөгчид ч бий. Тухайлбал, ЦЕГын дэд дарга асан, хурандаа Д.Базаргүр С.Зоригийн амь насыг илрүүлэх ажлын хэсэгт томилогдсон  даруйдаа хасагдаж хөдөө ажиллах үүрэг аваад  явж байжээ.  Тэр үеийн ТЕГ-ын удирдлагуудын тухайд хэлэхэд,   1996-2001 онд  УАБХГ, ТЕГ-ын даргаар Ж.Энхнасан  ажиллаж байжээ. Харин С.Зориг амь насаа алдсан гэх дуудлагын дагуу  очсон эмч, жолооч, хэрэг бүртгэгч, шинжээч, мөрдөн байцаагч 17-18 хүн  бурхан болсон нь хэргийн илрүүлэлтэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байгааг тэр үеийн Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр  хэвлэлд дурдаж  байв. 

 

Тэгвэл хэрэг гарсан халуун цэгт хамгийн түрүүнд очсон, газар дээр нь ажилласан, түүнээс хойш ч ажлын хэсэгт байсаар ирсэн, өнөөдөр ч зарим нь цагдаа, хуулийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс бол  Н.Ганболд, Д.Мөрөн нар юм. Энэ хэрэгтэй холбоотой бүхий л мэдээлэл тэдэнд бий. Гол сэжүүрийг  нь ч  мэдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс тэд үгээ хэлэх цаг болсон. Бас энэ хэрэг ганц цагдаа, хуулийнхны ч ажил биш. Монголд  парламентын  гишүүн хүн улстөрийн аллагад өртсөн явдалд Олон улсын парламентын холбоо анхаарч, өнөөг хүртэл ажиглалт явуулж, хөөцөлдөж байна. Манай Засгийн газар, УИХ   алуурчдын гарт амиа алдсан нэг гишүүнийхээ төлөө санаа тавьж, хэргийн илрүүлэлтэд анхаарах ёстой.

 

Тэр дотроо ардчиллын удирдагч амиа алдсан явдалд хамтран зүтгэгч, журмын нөхөд нь бүр ч илүү анхаарч, хөөцөлдөх учиртай. Тиймээс Д.Мөрөн, Н.Ганболд нарын үг энэ хэрээр үнэ цэнэтэй байх болно.

 

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>