Төсвийн цоорхойг шатхууны үнийн зөрүүгээр нөхөж байгааг Р.Жигжид сайд хүлээн зөвшөөрөв

1242


Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өмнө нь байгаагүйгээр буурч байгаа ч манай улсад энэ үнийн бууралт огт мэдэгдэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН- ын бүлгээс шатахууны үнийг бууруулах санал тавиад ч тусыг эс олсон хэвээр байгаа.

Харин энэ бүхний цаад учрыг өчигдөр салбар хариуцсан сайд дэлгэж орхив. Тодруулбал, Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар салбарын цөөнгүй асуудлыг сайд танилцуулсан.

Үүнээс хэвлэлийнхний анхаарлыг хамгийн их татсан нь мэдээж шатахуунтай холбоотой мэдээлэл байлаа. Энэ үеэр тэрбээр "Шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулах боломжтой байхад яагаад энэ ажлыг хийхгүй байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа ”Манай улс шатахууны хувьд 100 хувь гаднаас хамааралтай. Дээр нь шатахууны жижиглэнгийн үнээс болоод дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ савладаг онцлогтой. Тэгэхээр үнийг аль болохоор тогтвортой байлгах, хэтийн төлвийг нь харж байгаад үнийг бууруулах боломжийг сайн судлах шаардлагатай байдаг. Харин шатахууны үнэ буураад байхад үнэ өндөр хэвээрээ байдаг. Гэтэл завсрын зөрүүг яачихав гэдэг асуулт гарч ирдэг. Харин энэ зөрүүг улсын төсөв аваад байгаа юм. Үндсэндээ УИХ, Засгийн газрын шийдвэрээр улсын төсөвт өөрчлөлт оруулаад тогтоочихсон. Нийт 220 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэхээр зохицуулаад явж байгаа” гэлээ.

Түүнчлэн тэрбээр, "Өнөөдрийн байдлаар шатахууны бөөний үнэ 300 гаруй төгрөгөөр буурсан. Ингэхдээ Өрсөлдөөний тухай хуульд зааснаар аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох ажиллагаанд салбарын яам оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжүүд шатахууныг бөөнөөр авахаар болбол литр тутмыг нь 1390 орчим төгрөгөөр худалдан авах боломжтой.

Товчхондоо, өмнө нь нэг литр шатахууны бөөний үнэ нь 1690 төгрөг байсныг 300 төгрөгөөр хямдруулсан. Мөн есдүгээр сараас эхлэн хотын захын зарим дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумаас эхлэн жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг литр тутамд нь дунджаар 60 төгрөгөөр бууруулсан” гэх мэдээллийг өгсөн.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхэн шатахууны үнийг бууруулахгүй барьж байгааг төсвийн алдагдалтай холбон тайлбарлаж байсан нь ийнхүү үнэн болж байна. Манай улсын төсвийн орлого өнөөдрийн байдлаар 800 тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэх учиртай яам, агентлагууд ч төлөвлөгөө биелүүлж амжаагүй. Тиймээс төсвийн энэ цоорхойг шатахууны үнийн зөрүүгээр бага хэмжээгээр ч болов нөхөж байгаа нь ийнхүү тодорхой болж байна.

Уг нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурчихаад байгаа энэ үед манай улс шатахууны онцгой албан татварыг бууруулах, улмаар тэглэх ч боломж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэлж байгаа. Хэрвээ ингэж салбарын сайдын хэлснээр шатахууны жижиглэнгийн үнийг багахан хэмжээгээр бууруулсан тохиолдолд дагаад бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой.

Гэсэн ч Засгийн газар ийм алхам хийхгүй, салбар яамаараа энэ ажлыг хийлгэхгүй байгаа нь төсвийн орлого бүрдүүлэлтэд нэмэр болгох санаа байсан нь ийнхүү ил боллоо. Уг нь эрх баригчид иргэдээ боддог байсан бол эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед шатахууныхаа онцгой албан татварыг тэглэдэггүй юм гэхэд бага ч болов хэмжээгээр бууруулснаар өдөр тутмын хэрэглээний үнийг бага ч болов бууруулах гарцыг хайх учиртай баймаар. Р.Жигжид сайдын тайлбарласнаар бол эрх баригчид ийм алхмыг хийхгүй нь тодорхой байгаа аж.

Тэр бүү хэл, ирэх оны төсөвт шатахууны онцгой албан татварыг нэмэх саналыг Засгийн газрын тэргүүн гаргаад байгаа. Энэ бүхнээс харвал дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн бууралт манай улсад падлийгүй бололтой.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>