Б.Ханбаатар нь хүчингийн хэрэг үйлдэх хэмжээний согтуу байгаагүй гэв

889

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Төв аймгийн Баянчандмань суманд гарсан сумын удирдлагууд ажилтан эмэгтэйгээ хүчирхийлсэн гэх ноцтой хэрэг одоо ч олны анхаарлыг татсаар байна. Тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар нь малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр хууран авчирсанаас хэрэг мандсан байдаг.

Тухайн өдөр юу болов

Өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр Засаг даргын орлогч Б.Ханбаатар нь морины наймаа хийхээр 17.00 цагийн орчимд нутгийн айл н.Ганзоригийнд очжээ. Очихдоо Тамгын газрын дарга Г.Ариунболд, малын эмч Б нарыг дагуулан очсон байна. Наймаагаа тохирч, жин тан болгосон тэд н.Ганзоригийнд архидан согтуурч байгаад шөнийн 00.00 цагт явцгаахаар гарсан аж. Энэ үед Г.Ариунболд бие засахаар гэрээс холдмогц Б.Ханбаатар нь малын эмч эмэгтэйг машиндаа суулган давхин явжээ. Буцаж ирээгүй удсан учраас Г.Ариунболд өөрийн жолоочоо дуудсан байна. Харин түүний жолооч орж ирэхдээ "Б.Ханбаагийн машин урд айлын хажууд байна. Хажуугийн жалганд нь согтуу юм уу, бие нь өвдсөн юм уу нэг хүн сонин дугараад байна” гэсээр орж ирсэн тухай айлын эзэн н.Ганзориг сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Улмаар Г.Ариунболд, н.Ганзориг нар нь жалганы хажууд очтол Б.Ханбаатар нь машиндаа унтаж байжээ. Харин эмэгтэйг цус нөж болсон байдалтай жалганаас олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

Айлын эзэн н.Ганзоригийн хэлж байгаагаар Б.Ханбаатар нь хэрэг үйлдэх хэмжээний согтуу байгаагүй гэнэ. Тэрбээр машин барьж байгаа хэмээн архи бага уусан байна. Харин эмэгтэйн хувьд архи биш айраг уужээ.

Б.Ханбаатар гэж хэн бэ?

Б.Ханбаатар нь 1984 онд төрсөн. Эхнэр, хоёр охины хамт дөрвүүлээ амьдардаг. 2006 онд БХИС-ийг төгссөн. Баянчандмань сумын уугуул иргэн гэнэ. Түүнийг ийм хэрэг үйлдэх хүн биш, даруу, дөлгөөн, жинхэнэ удирдагч байсан гэж нутгийн иргэд мэдүүлжээ. Б.Ханбаатарыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих төвд саатуулж байгаад батлан даалтад гаргаад байгаа аж.

Хохирогч Б гэж хэн бэ

Б нь Борнуур сумынх. Баянчандмань суманд жил гаруйн өмнө ирж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. Гурван настай охины хамт сумын нийтийн байранд амьдардаг. Даруу, дөлгөөхөн нэгэн байсан гэж мөн сумын иргэд мэдүүлсэн байна. Одоо Б нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Чимэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>