Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

999
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар хийсэн мэдээлэл -Монгол Улсын Засгийн газраас 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар танилцуулж байна.

 

1.  Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж нэмэгдэх болсон, мөн манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад бичин жил хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэл учруулж ирснийг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарал тавьж байна.

2.  Засгийн газар 2015 оны 7-р сарын 07-ны хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцээд "Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 292  дугаар тогтоол, "Төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 293 дугаар тогтоолыг тус тус батлан гаргаж, хэрэгжүүлэх ажлыг бүх шатанд эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.

3.  Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс боловсруулан гаргаж олон нийтэд тараасан энэ оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын таамаглалын мэдээллээс үзвэл энэ намар, өвлийн эхний сарын цаг агаарын байдал тогтвортой бус, ялангуяа 12 дугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Иймд Ус, цаг уурын хүрээлэнгээс нийт малчдад хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, цас орж, даваа гүвээний зам хаагдаж болзошгүй нөхцөл тулгарахаас өмнө отор нүүдлийг зохион байгуулах нь зүйтэй гэсэн сэрэмжлүүлгийг гаргаж орон нутгийн засаг захиргаа болон олон нийтэд хүргүүлсэн.

4.  Эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын явц. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын 3 үндсэн чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90.0 хувьтай байна.

5.  Төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын  хэмжээгээр энэ 9 дүгээр сарын 20-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна.

6.  Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн ба 9 сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн 88 хувийг, Дархан болон Эрдэнэ хотын нийт хэрэглэгчдийн нийт хэрэглэгчдийн 100.0 хувийг, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Завхан, Төв, Увс аймгийн төвүүдийн хэрэглэгчдийн 80 хувийг тус тус дулаанаар хангаад байна.

7.  Хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын явц. Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

8.  Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар тогтсон. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

9.  Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэгдэж, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна.

10.Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын (Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор) ихэнх сумд, бусад(Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий) аймгуудын зарим сумын урьдчилсан байдлаар 15.0 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжихөөр байна.

11.Оны эхний 9 сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85.0 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс  сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил 10 дугаар сард хийгдэж дуусна. Одоогийн байдлаар манай улс гоц халдварт өвчний хувьд тайван байна.

12.Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол нэг асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.  Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоотой байна.

13.Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд  нийт 180.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байна.

14.Энэ 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ 100.4 мянган га-гаас 83.8 мянган тонн үр тариа авч, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж байна. Ургац хураалтын ажил 10 дугаар сард багтаж дуусах төлөвтэй байна. Ургац хураалтын дүнг үндэслэн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Импортоор авах хүнсний болон үрийн буудайг гадаад талдаа нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, харин дотоод талдаа Тариаланг эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрлэгчдийн хамтарсан хэлцлээр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.

15.Эрүүл мэнд, боловсролын салбарын бэлтгэл ажлын явц. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна. Алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслээр 100 хувь хангагдаж, Улаанбаатар хотын  эрүүл мэндийн 9 байгууллагад, 18 аймагт түргэн тусламжийн 47 автомашин олгох ажил ханган нийлүүлэлтийн шатандаа явж байна. Боловсролын салбарын хувьд их засварын ажил 96.5 хувийн хэрэгжилттэй, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99.0 хувьтай байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль, 40 цэцэрлэг, 8 дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, 2 спорт заал байна. Эдгээр обьектын засварын ажилд 7.7 тэрбум төгрөг шаардагдаж байна. Уурын зуухны эвдрэл гэмтэл, дулааны өрийн улмаас халаалтаа авч чадаагүй боловсролын салбарын харьяа 62 байгууллага байна.

Монгол Улсын Засгийн газар 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаашид улам эрчимжүүлж, цаг хугацаанд нь зохих бэлтгэлээ бүрэн хангаж, цаг уурын эрсдэлтэй нөхцөлд бэлэн байдлыг ханган ажиллахыг чармайн ажиллаж байна.

Манай улсын эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хэвийн үйл ажиллагаагаа алдахгүй байх нөхцөл боломжийг хангах явдал бол иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгж бүрийн өөрсдийн хүчин чармайлт, хариуцлагаас ихээхэн хамаарах учраас энэ завшааныг ашиглан нийт иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгжид үлдэж буй богино хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг уриалж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>