Б.Бядаа: Би шийдсэн

844

Би шийдсэн
Өнгөрсөн бүхнийг өнөөдрөөсөө авч хаяна гэж
Өрөвчхөн сэтгэлээ хэтрүүлэхгүй байя гэж
Өвдөхгүй л бол хүчээ шавхан хөдөлмөрлөнө гэж
Өнгө мөнгөний орчлонд өрсөлдөхүйц амьдарна гэж. . . БИ ШИЙДСЭН

Би бодсон
Чадахгүй гэж бассанд нь хэн болохоо харуулна гэж
Чаднаа гэж дэмжсэнд нь хэрхэн дэвшихээ үзүүлнэ гэж
Хайр гээч ертөнцийн хаалгаар мөддөө орохгүй гэж
Хоёр сайхан бурхнаа амьдад нь баярлуулж авья гэж. . . БИ БОДСОН

Би ухаарсан
Хийж бүтээх нас минь хугацаатай ирснийг
Хэлж ярих бус босоод тэмцэх ёстойг
Хагацахгүй гэсэн нэгэн ч орхиод явдгийг
Хатуурхахаа хүрвэл хорвоо хэнийг ч ялгадагүйг. . . БИ УХААРСАН

Гэсэн ч Би хэлж чадна
Хэдэн халтар төгрөгөнд хүн чанараа гээхгүй гэж
Хэрсүү жаахан ухаанаа их зангаар солихгүй гэж
Судсаар минь гүйх цусаа харийн цустай сэлбэхгүй гэж
Шунал тачаалын замд төрсөн биеэ золиослохгүй гэж . . . БИ ХЭЛЖ ЧАДНА

Би нисмээр байна
Итгэлийг нь өвөртөлсөн хүн бүхний төлөө
Ирээдүйн их аз жаргалынхаа төлөө
Маргааш гэх шинэ өдрийн төлөө
Магадгүй би яг одооноос нисмээр байна. . . .

БИ НИСЭЖ БАЙНА

Б.Бядаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>