УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзав

369

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга 2015 онд Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг дурдаад, уг тэмдэглэлт ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгааг онцоллоо.  Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг Монгол Улсад ажилласан 3 жил гаруй хугацаанд Франц Улсын Гадаад хэргийн сайдын анхны албан ёсны айлчлал, хоёр орны парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн харилцан айлчлал, Монгол, Францын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн 1, 2 дугаар хуралдаанууд, 2015 онд Батлан хамгаалахын сайдын түвшний анхны албан ёсны айлчлал зэрэг олон чухал арга хэмжээ болсныг тэмдэглэн хэллээ. Мөн Монгол Улсад зохион байгуулсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд өндөр ач холбогдол өгч БНФУ-ын Парламентын хоёр танхимаас нийт 7 гишүүн оролцсонд талархал илэрхийлэв.

Элчин сайд Ив Дэлунэ, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Би Монгол Улсад Элчин сайдаар 4 жил орчим ажилласан, мөн 32 жилийн өмнө 1 жил ажиллаж байсан. Миний амьдралын багагүй хугацаа Монгол Улстай холбоотой бөгөөд сэтгэл, зүрх минь энэ улсын төлөө байдгийг хэлмээр байна. Францын ард түмэн ч монголын соёл, урлаг, уламжлалд дуртай байдаг. Хоёр орны харилцаа өндөр түвшинд байгаа, нөгөөтэйгүүр институт хоорондын харилцаа чухал хэмээн үзэж өнгөрсөн хугацаанд зарим ажлыг хийсэн. Тухайлбал, Францын олон улсын сургууль, Франц-Монголын аж үйлдвэрийн танхим байгууллаа. Францын томоохон аж ахуйн нэгжүүд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулж байна. Жилд 5000 гаруй франц жуулчин Монгол Улсад ирж байгаа бол 4000 орчим монгол хүн Франц Улсад амьдарч байна.

Эдийн засгийн нөхцөл дэлхий даяар хүндрэлтэй байгаа ч Франц Улс Монгол Улстай харилцах олон талт харилцаандаа өндөр ач холбогдол өгч, эдийн засаг, соёл, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг Засгийн газраас бодлогоор томилон хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн тэрээр "Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ Та Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг оновчтойгоор тодорхойлж, чухал дүгнэлт хэлсэн" хэмээгээд Монгол Улсын эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд итгэл дүүрэн байдаг гэв. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбар бол тэнцвэртэй хөгжлийн гол тулгуур бөгөөд Франц Улс энэ бүх салбарт арвин туршлагатай учраас цаашид бүх талаар хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцахад баяртай байх болно гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл оролцсон бөгөөд тэрээр ноён Элчин сайдад хоёр орны урлаг соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн "Ноён Элчин сайд Та Монгол-Францын соёлын харилцаанд өөрийн гэсэн мөрөө үлдээсэн гэдгийг олон жишээ дурдан хэлж болно" хэмээн онцлоод, ажлын амжилт хүслээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.