Сангийн сайд төсвийн тодотголыг өргөн барьлаа

1300



Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг өргөн барив.

2015 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл,  ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад  болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс  баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн 2015  оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь  "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй  шаардлагыг бий болгожээ.

Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүсчээ. Иймд 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүсчээ.

Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,418.7 тэрбум төгрөгөөр баталсныг 1,222.4 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 1,484.8  тэрбум төгрөгөөр баталсныг 61.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,546.6 тэрбум төгрөгөөр  төсвийн тодотголд тусгасан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2015 онд төлөх хуваарьтай зарим бондын төлбөрүүд  хойшилсон тул Засгийн газрын бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 90,750.0 сая  төгрөгөөр бууруулахаар тооцож хуулийн төсөлд тусгажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>