“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл олголоо

472

Концессийн "барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх "Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээг "Чайна Гэжүба групп лимитэд” компанитай байгуулах зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Хөрөнгө оруулалтын газраас тус ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн компаниудад урилга хүргүүлэн шалгаруулалт явуулахад тус компани нэгээр шалгарсан байна.

Барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээний төсөлд тусгажээ. Энэ хугацаанд 500 гаруй ажлын байр бий болох юм байна.

"Чайна Гэжүба групп лимитэд” компани нь эрчим хүч, зам гүүр, далан, усны байгууламж, бусад дэд бүтцийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд манай улсад 146,5 км авто зам барьж, ашиглалтад өгсөн туршлагатай. Эрчим хүчний салбарт тэр дотроо усан цахилгаан станц, түүний дэд бүтцийг барих чиглэлээр Хятад улсдаа төдийгүй олон улсад тэргүүлдэг, хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн шилдэг 50 компанид багтдаг байна. Суурилагдсан хүчин чадлаар дэлхийд нэгд тооцогддог Гурван хавцлын усан цахилгаан станцын барилгын ажлын 70 илүү хувийг тус компани гүйцэтгэжээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.