Өмнөд Каролинагийн үерийн байдал хүндэрсээр
Хэдий үерийг эхлүүлсэн хүчтэй шуургатай бороо зогсож, нар гарсан ч дараагийн 36-48 цагийн турш өндөр сэрэмжтэй байхыг мужийн амбан захирагч Никки Хэйли иргэддээ анхааруулжээ.
Өнгөрсөн бямба гарагаас хойш дор хаяж таван гүүр, 11 үерийн далан сэтэрч, 34 далангийн хэвийн ажиллагаа одоогоор хяналтанд байна. Мөн хотын 16 ширхэг усны систем эвдэрсэн тул 400,000-аад оршин суугчид ундны усаа буцалгаж уух нөхцөл байдалтай тулгарчээ.
Хүчтэй үерийн хор нөлөөнд Өмнөд Каролинагийн 15, Хойд мужийн хоёр иргэн нас баржээ. Тэдний дунд дор хаяж есөн хүн живж, зургаа нь замын ослоор эндсэн байна. Нийт 175 аврах ажиллагаа явагдаж, 800-аад хүнийг түр хугацаанд хоргодох байранд орогнуулж байна.
"Байгалийн гамшгийн улмаас бий болсон таагүй зүйл бол тоо бүхий авс усанд хөвж явсан үзэгдэл байлаа” хэмээн Самарвилл хотын "Шинэ Амьдралын Яам” сүмийн номлогч Вейн Ривз CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Үүнээс гадна үерийн үеэр орон гэрээ орхисон иргэдийн зарим нь гэрийн эд зүйлсээ хулгайд алджээ.
Үерийн дараах хотын дундуур урсаж байгаа гол, тогтсон ус дор хаяж хоёр долоо хоног хэртэй хугацаанд ууршиж алга болохгүй хэмээн цаг уурчид мэдэгджээ.
Эх сурвалж: CNN