Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Газар хөдлөлтийн гамшгийн асуудлаар УИХ-д мэдээлэл хийлээ

1074

Монгол Улсын Их Хурлын өчигдрийн үдээс хойшх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Өнөөдөр нэгэн чухал асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай боллоо. Энэ бол газар хөдлөлттэй холбоотой. Шалтгаан нь нийслэлийн ойр орчимд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, газар хөдлөлт жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь шинжлэх ухааны байгууллагын дүгнэлтээр тогтоогдсонтой холбоотой” гэлээ. Тэрбээр, ҮАБЗ-ийн хуралдаанаар 2010 онд анх Гайтид болсон газар хөдлөлтийн дараа газар хөдлөлтийн асуудлаар хэлэлцсэн. Монгол Улс юунд анхаарах талаар ярилцаж байсан Энэ үеэр сэтгэл зовоосон нөхцөл байдлын талаар хөндөж ярилцаж байлаа. Түүний дараа дахин 2010 ондоо, 2014 онд мөн газар хөдлөлтийн талаар ярилцаж байсан” гээд өнөөдөр энэ асуудлыг хөндсөн гол шалтгаан бол газар хөдлөлтийн асуудлаар ҮАБЗ-ийн түвшинд, ажил хариуцсан цөөн хүмүүсийн түвшинд ярих нь хангалттай биш байгаа учир бодлого тодорхойлогчдод, түүгээр дамжуулан ард иргэдэд мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж үзсэнийх гэж хэлсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хамгийн гол анхаарах асуудал бол мэдээлэл юм хэмээн онцолсон. Ямар нөхцөл байдал бий болов, зохих байгууллагууд ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар мэдээлэл авах хэрэгтэй. Өнгөрсөн Бямба гарагт буюу 10.03-ны 17.30 цагт нийслэл орчимд 4.4 магнитутын хүчтэй газар хөдөлсөн. Гэтэл газар хөдлөлтийн талаар ирж байгаа мэдээллийн уялдаа холбоо санаа зовоосон гэж тэрбээр хэлсэн. "Энэ асуудлаар УИХ-ын даргатай ярилцсан. Байгалиас дохио өгч байна. Дохио өгч байгаа үед энэ асуудлыг ярьж нийтээрээ мэдээлэлтэй больё гэж ярьсан. УИХ-ын дарга энэ хүсэлтийг хүлээн авч мэдээлэл хийх боломжоор хангаж буйд туйлын баяртай байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээллийнхээ үеэр тэмдэглэсэн юм.

Мөн тэрбээр, Чиглэсэн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэлээ. Бэлтгэл хангалтгүй байснаас Гайтийн газар хөдлөлтийн үеэр 300 мянган хүн амь насаа алдсаныг сануулаад, Улаанбаатар хотод 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөхөд барилга, байгууламжийн 20-40 хувь нь нурах буюу гэмтэж, амь насаа алдах, бэртэх хүмүүсийн тоо хэдэн арван мянгаар тоологдох судалгаа гарсныг дурдсан. Тиймээс тохиож болох дохио ойрхон болоод байгаа энэ үед байгууллага, айл бүхэн, иргэн бүхэн бэлтгэлтэй байх шаардлагатай хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн мэдээллийн дараа ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, 2015 оны 10 дугаар сарын 03-нд  Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шар хоолойн аманд болсон газар хөдлөлтийн талаар хуралдаанд оролцогсдод мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Энэ удаагийн газар хөдлөлт онцлогтой болсон. 38 секундын зайтай 2 удаагийн газар хөдлөлт болсон. Үүний дараах хэдэн өдрүүдэд 2.6 магнитут хүртэл хүчтэй 14 удаагийн давтан хөдлөлтүүд болсон” гэж хэллээ. 2000-2005 онд Улаанбаатар хот орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт тэмдэглэгдэж байсан бол, 2005 оноос давтамж 2 дахин ихэссэн байна. Энэ давтамж 2012 онд 4 дахин, 2013 онд 10 дахин нэмэгдсэн байна. Энэ идэвхжил буурах төлөв ажиглагдахгүй, хүчний идэвхжил нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг судлаачид гаргажээ. Улаанбаатар хот орчимд 6 хагарал бий болоод байгаа бөгөөд судалгаагаар Эмээлтийн хагарал, Хустайн хагарал, Гүнжийн хагарал, Авдар уулын хагарал, Шархайн хагарал, Мөнгөн морьтын хагаралуудад хүчтэй газар хөдлөлтүүд үүсэх боломжтой, ингэсэн тохиолдолд нийслэлд газар хөдлөлтийн чичиргээ 6-8 баллын хүчтэй мэдрэгдэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж буй ажлын явцын талаар мөн танилцуулсан.

Түүний дараа ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах ажлын явцын талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөө, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх тогтолцоо, газар хөдлөлтийн үед үүсч болох аюул, газар хөдлөлтийн үед нурж болох барилга байгууламжийн талаарх мэдээллийг хүргэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>