Боксчид медалийн буухиаг үргэлжлүүлж чадсангүй
Энэ сарын 5-наас 18-ны өдрүүдэд Катарын Доха хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаа 74 орны 260 тамирчин өрсөлдөж байгаа аж.
Тодруулбал Куба 10, Австрали, Узбекистан, Украйн 9, Азербайжан, Англи, Казахстан, Марокко, Венесуэль 8, Алжир, Ирланд, ОХУ 7, Аргентин, Энэтхэг, Катар, Тайланд 6, Мексик, Итали 5, Беларусь, Бразил, Болгар, Египет, Франц, Гана, Монгол, Голланд, Шинэ Зеланд, АНУ 4, Армени, БНХАУ, Эквадор, Герман, Япон, Литви, Польш, Турк, Туркменистан, Папуа Шинэ Гвиней 3, Ботсван, Колумб, Хорват, Доминикан, Унгар, Йордан, Кыргизстан, Филиппин, БНСУ, Сири, Тажикстан 2, Бутан, Босни, Канад, Каймарн Арлууд, Коста Рика, Чех, Гуатемала, Индонези, Ирак, Кени, Латви, Молдав, БНАСАУ, Пакистан, Румын, Словени, Ванатуа, Тунис, Тринидад Тобаго улсаас тус бүр нэг тамирчин өрсөлдөж байна.
Өнөө жилийн дэлхийн аваргаас -91, +91 кг-д тус бүр 1, 49 кг-д 2, 52-81 кг-д тус бүр 3 Олимпийн наадмын эрх олгох учиртай.
Манай улсаас 49 кг-д Оюутны Универсиад наадам, Азийн авргын хүрэл медальт ОУХМ Г.Ган-Эрдэнэ Японы тамирчин Томояа Цүбойтой тулалдаж, 3:0 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө хожсон. Гэвч дараагийн тойрогт ОХУ-ын В.Егоровт 2:1-ээр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Мөн 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү эхний тойрогт Венесуэлийн Х.Д.Азокарыг 2:1-ээр хожсон ч хоёрдугаар тойрогт Азербайжаны Тайфур Алиевт 3:0 харьцаагаар ялагдлаа.
2014 оны Азийн наадам, 2015 оны Азийн аваргад түрүүлсэн ОУХМ Д.Отгондалайг медаль хүртэнэ гэж найдаж байсан. Тэрээр 60 кг-д өрсөлдсөн бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальт Италийн Д.Валентиног 3:0-ээр ялсан ч дараагийн тойрогт Узбекистаны Э.Абдураймовт 3:0-ээр ялагдсан байна.
Харин 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт Чехийн З.Чладекийг 3:0-ээр хожсон ч дараагийн тойрогт БНХАУ-ын Л.Вэйд 3:0-ээр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Йинхүү манай боксчид энэ удаагийн дэлхийн аваргаас ганзага хоосон ирж байна. Уг нь сүүлийн хоёр зуны Олимп, дөрвөн дэлхийн аваргаас медальтай ирж, амжилтын буухиа тасраагүй байсан юм.
Өмнө нь 2008 оны Бээжингийн зуны Олимпоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба мөнгө, 2012 оны Лондонгийн зуны Олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2007 оны Чикагогийн дэлхийн аваргаас Э.Бадар-Ууган мөнгө, 2009 оны Миланы дэлхийн аваргаас П.Сэрдамба алт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 оны Бакугийн дэлхийн аваргаас П.Сэрдамба хүрэл, 2013 оны Алматийн дэлхийн аваргаас У.Мөнх-Эрдэнэ хүрэл медальтай ирсэн түүхтэй.