“Исламын улс” бүлэглэлийн тэргүүнийг бөмбөгджээ

1001

Иракийн цэргийн нисэх хүчин "Исламын улс” бүлэглэлийн автомашины цувааг бөмбөгдөх үеэр тус хөдөлгөөний тэргүүн Абу Бакр аль Багдади шархдаж, үзэл суртал эрхэлсэн албан тушаалтан аш-Шишани амь насаа алдсан тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

"Исламын улс” бүлэглэлийн тэргүүн хэрхсэн нь тодорхойгүй ба алан хядагчид түүнийг автомашинаар авч явсан аж. Иракийн эрх баригчдын өгүүлснээр тус улсын нисэх хүчнийхэн Абу Бакр аль Багдадиг тус хөдөлгөөний удирдлагуудын уулзалтад оролцохоор Карабела хотыг зорьж явахад нь бөмбөгдсөн байна.

Цэргийнхэн уулзалт болох байсан байршлыг бөмбөгдсөнөөр алан хядах байгууллагын удирдах хэд хэдэн албан тушаалтныг устгажээ. Абу Бакр аль Багдадиг устгасан тухай мэдээллийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр ч удаа түгээж байсан билээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Иракийн Дотоод хэргийн сайд түүнийг Аль Куем хотын ойролцоо бөмбөгөнд өртөж шархадсан тухай мэдээлсэн аж.

Гэвч ийм мэдээлэл гарсан даруйд тэрбээр нийгмийн цахим сүлжээгээр дуу хоолойгоо сонсгож байжээ. АНУ-ын тагнуулын байгууллагынхан Абу Бакр аль Багдади өнгөрсөн зуны турш алан хядагчдын албан бус нийслэл болох Сирийн Ракка хотноо байсан хэмээн дүгнэжээ.

Д.Болд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>