Э.Бат-Үүл дарга аа! чадахгүй бол "Тахимаа өгөөд" буугаад өгчих өө...

841

Ойрын өдрүүдэд өрнөсөн улс төрийн гол дүр хотын дарга Э.Бат-Үүл байлаа. "Хот шиг хөгжиж, хүн шиг амьдаръя” хэмээн гарч ирсэн буурал даргын хутгасан будилаан ар араасаа илэрч байна. Үүнийг хөндлөнгөөс ажиглах юм бол солонгосын муухан савангийн дуурь шиг л зүйл болж байх юм.

Чухам л гэр хорооллын айл бүрийн хананаас халуун ус гаргачих юм ярьж гарч ирсэн хотын даргын яриаг намынх нь генсек нам дарж орхив. Л.Эрхэмбаяр "Бид өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хэт их сэтгэлийн хөөрлөөр хандсан бололтой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дөрөвхөн жилийн дотор хийдэггүй юм байна. Токио гэхэд л 30 жил хийсэн байна шүү дээ, цаана чинь” хэмээн намаасаа холдуулж журмын нөхөртөө нааж орхисон.

Түүний ярианаас бол одоогийн хотын дарга маань ямар ч тооцоо судалгаагүй, сайхан сэтгэлийн хөөрлөөр мөрийн хөтөлбөр боловсруулж, зөвхөн сонгуульд ялж, мөнгө идэхийн төлөө л Э.Бат-Үүл нь өрсөлдсөн болж таарч байна. Энэ нь ч өдрөөс өдөрт ил болж байгаа.

Ойрмогхон жишээ гэхэд л "Ухаалаг автобус” төсөл нь улаанбаатарчуудыг хоёр сар гаруй хугацаанд бухимдуулж, хөлтэйг нь гүйлгэж, хөлгүйг нь мөлхүүлсэн билээ. Мөн хотын дарга болмогцоо "Хогийн ногоон уут”-ыг айл бүрт тарааж мундаг том "буян” үйлдсэн. Тэрхүү "шидэт” уутанд 12.7 тэрбум төгрөг зарцуулж хогийн цэг дээр хаясан байх юм. Мөн ч сайхан сэтгэлийн хөөрөл гэж л энийг хэлэх байх.

Цаашлаад зуны гурван сардаа цэцгийн харшилтай хүмүүс Улаанбаатар хотод амьдрах эрхгүй болсон. Учир нь "Нэг наст цэцэг” гэгчийг тохижилт нэрийн дор гурван жил тарьсан нь 95 тэрбум төгрөгийг авч оджээ. Буурал дарга цэцгэнд дуртай байж болно.

Гэрийнхээ хашаанд цэцэг тарьсан бол хэн ч, юу ч хэлэхгүй. Гэтэл бүхэл бүхэн улсын нийслэлийн төсвөөс 95 тэрбум төгрөгөөр "Нэг наст цэцэг” тарьж улаанбаатарчуудад "буян” үйлдсан байна шүү дээ. Мөн ч сайхан сэтгэлийн хөөрлөө гэж...

Ядаж байхад яр гэгчээр Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохиромжгүй "Угсраа автобус” гэгчийг оруулж ирж томоос том "буян” үйлдсэн байх юм. Тэгэхдээ 20 тэрбумыг зарцуулсан гэж байгаа. Хайран мөнгө. Нөгөө "Угсраа автобус”-анд нь 50 хүн ч чөлөөтэй явж болохгүй байгааг хотын иргэд ам уралдан ярьж байна. Мөн ч сайхан сэтгэлийн хөөрлөө.

Дээрээс нь "Найрсаг Улаанбаатар” төсөл хэрэгжүүлсэн нь хэнд хандаж хийгээд байгаа нь тодорхойгүй, хамаатан садан, найз нөхөд, үр хүүхдээ л зугаацуулж, түрийвчийг нь зузаалах гэсэн төсөл болсныг НИТХ-ын гишүүд сэм ярьдаг юм билээ. Уг нь жуулчдад зориулсан хөтөлбөр гэгдэж байсан ч сүүлдээ утгаа алдаж, бараг өөрсдөдөө зориулж Чингисийн талбайд концерт тоглуулдаг болсон юм.

Энэ мэт үр ашиггүй зүйлд зарцуулсан хотын даргын нийт мөнгөн дүн 360 орчим тэрбум төгрөг болж байна. Хайран мөнгө. Дэмий зүйлд бодлогогүй зарж байхаар 36 цэцэрлэг барьчихсан бол хотын даргын нэр хүндэд арай л цэвэр байх байлаа.

Дээрх 360 тэрбум төгрөгийн талыг нь шахуу "Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл эзэлж байна. Энэхүү төсөлд 158.3 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. 160 гаруй тэрбум төгрөгөөр хүрэлцээ муутай байгаа хүүхдийн эмнэлэг гурвыг барьчихна. Гэтэл буурал дарга маань хүүгийнхээ компанитай нийлж байгаад иргэдийнхээ мөнгөнөөс хумслаад байхаар чинь яаж хот хөгжих юм бэ?

Ингэж үрэлгэн загнахын оронд жаахан хямгатай зарцуулсан бол өнөөдөр хот арай өөр дүр төрхтэй байх байлаа. Сүүлд нь аргаа барсан хотын дарга идэж уухын дон шүлэгнэсэн үү яасан иргэдээсээ нэг хувийн татвар авахаар болж НИТХ-д оруулсан сураг чих дэлсэх болов.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газраар үйлчлүүлсэн иргэн болгон нэг хувийн татвар төлнө. Энэ татвар нийслэлийн санд төвлөрнө. Төвлөрсөн хөрөнгийг Э.Бат-Үүл баатар идэж уугаад, бодлогогүй зарцуулаад дуусна.

Ийм л учраас тэрбээр үхэн хатан нийслэлийн иргэдийн халаас руу гараа дүрээд байгаа юм шүү дээ. Ер нь Э.Бат-Үүл дарга аа! "Хот шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулж” чадахгүй бол "тахимаа өгөөд” буувал яасан юм бэ...

С.БУЯН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>