Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Эрчим хүчний яам хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр /2015.10.14/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Сарангэрэл нар болон Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд, тус салбарын эрдэмтэн, судлаачид оролцож санал бодлоо солилцсон юм.
Ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай өсөж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байна. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй байна.
Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.
Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх нь улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах зэрэг эдийн засаг, нийгмийн суурь салбаруудад хамааралтай асуудал юм. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөлд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага /аудитын байгууллага, аудитор, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага/, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар тусгасан тухай танилцуулав.
Мөн Эрчим хүчний яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын орлогч дарга Г.Энхтайван эрчим хүчний дэлхийн нийтийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч АНУ, Энэтхэг, Япон Улсын туршлагыг жишээгээр тайлбарлан үзүүлсэн юм. Мөн тэрээр хуулийг хэрэгжүүлэх механизм, хамрах хүрээ, хуулийг хэн, хэрхэн, яаж хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид хуулийн төсөлд тусгах санал болон одоо өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд тусгагдсан зүйл заалтууд бүрээр саналаа хэлж, асуулт, хариулт явагдлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.