Хараагүй иргэдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно

1185
 Хараагүй иргэдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно

[url=http://]http://[/url]"Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

 

Эл өдрийг тохиолдуулан БСШУЯ, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичгийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн  тэргүүн М.Баясгалан гарын үсэг зурж баталгаажуулав.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулагдаж байна” гэдгийг дуулгасан юм. Энэ үйл явдлыг "Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн  тэргүүн М.Баясгалан онцолсон юм.

Санамж бичгийг 5 жилийн хугацаатай байгуулж байна. Яамнаас тусгай сургуулиудын сургалтын орчинг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны хэвийн тогтвортой байдлыг ханган, эдгээр сургуулиудын харьяаллын асуудлыг шийдвэрлэн, брайл бичгийн стандартыг боловсруулах юм.

Харааны бэрхшээлтэй суралцагчийн сурах бичгийг үе шаттай брайл, томруулсан үсгээр хослуулан хэвлүүлэх, онлайн  ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ веб сайтыг хөгжүүлэх, Windows, IOS, Android үйлдлийн систем  дээр ажиллах  программ хангамжуудыг  зохион   бүтээх, Онлайн  ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ номын фондыг 82  нэр төрлийн номоор нэмэгдүүлэх юм.

Цэцэрлэг, сургуульд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, техник тоног төхөөрөмж олгох зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

"Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>