АНУ-ын төрд хандахаас өөр арга алга...

638
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ЗОХИОДОГ юм байна. Албан тушаалтнууд хэлмэгдүүлэлтийн зохиолыг бичиж, түүндээ хууль хүчнийхнийг ашиглан турхирч, хэвлэл мэдээллийнхнээр хүч түрдэг байна. Ардчилсан нийгэмд байж боломгүй ийм улс төрийн хэлмэгдүүлэлтийн ямар аймшигтай болохыг биеэрээ мэдэрч байгаа хүн бол МУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр. Улсынхаа 3 дахь Ерөнхийлөгчийг зохиомол хэргээр яллаж, өвч зэвсэглэсэн 600-аад цагдаагийн албан хаагчаар хүч хэрэглэн баривчилж байсан тэр ХАР ТҮҮХ ардчилсан нийгмийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн юм. Энэ хүнийг ийнхүү хүч хэрэглэн баривчилж эрүүгийн хэрэгт тулган ялласан нь "зохиомол хэрэг” байсан гэдэг нь хэнд ч тодорхой байлаа.
Тэгвэл Н. Энхбаярт зориулан дахин нэг зохиомол хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Н.Энхбаяр үнэхээр дахиад нэг гэмт хэрэгт холбогдолтой юу? Нийтэд цацаж байгаа мэдээллүүд үнэнд хэр нийцэж байгаа эсэхийг тодруулж үзэхэд асуудал огт өөрөөр эргэж байгаа тул үнэн мөнийг ард түмэнд хүргэж мэдээллээ хуваалцахаар шийдсэн нь энээ.


Бас нэгэн зохиомол хэргийн түүх


Энэ бол аль 3 жил гаруйн өмнө хөндлөнгийн 2 аж ахуйн нэгж 1 байшинг худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэг тал нь заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, нөгөө тал нь байшин болон газраа шилжүүлэн өгч тооцоогоо дуусгасан ийм л хэрэг юм. Энд хохирсон хохироосон болоод хуурсан хууртсан зүйл байхгүй. Тэгээд Н.Энхбаяр бүр ч холбоогүй юм. Тэгвэл Н.Энхбаярыг яагаад энэ хэрэгт холбогдуулах болов? Түүний удирдаж байгаа МАХН энэ байшинд үйл ажиллагаа явуулж байгаа. Ердөө л энэ. Хэдийгээр энэ хэрэгт Н.Энхбаяр холбоогүй ч гэлээ үүсгээд байгаа "Хэрэг”ийн талаар үнэн бодит мэдээллийг өгөх үүднээс асуудлыг дэлгэрүүлье.
Гар дамжин худалдагдсан энэхүү барилга нь 1940-өөд оны сүүлчээр баригдсан 2 давхар модон байшин байсан бөгөөд тэнд эхэндээ хотын удирдлагын зарим дарга нар амьдарч, дараа нь УБ хотын Худалдаа бэлтгэлийг удирдах газар, Нийтийн хоолны удирдах газар зэрэг байгууллагууд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байжээ. Ашиглалтын хугацааны хувьд хөгширсөн, эдэлгээний хувьд шаардлага хангахгүй болсон энэ хуучин барилгыг Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2003.12.18-ны өдрийн 100 дугаар тогтоолоор нийтийн дуудлага худалдаанд оруулж, Хүрээ импекс ХХК-д давуу эрхээр 225.870.000 төгрөгөөр худалджээ.
Дараа нь Хүрээ импекс компаниас Империал гоулд компанид худалдаж, Империал гоулд компани Эскон компанид худалдсан байна.
1.Империал гоулд компанийн өмчлөлд байсан контор үйлчилгээний зориулалттай /СБ дүүргийн 1 хороо Гэндэнгийн гудамжинд байрлах 900,6 м2 хэмжээтэй 5 р байшин/ хуучнаар УБ импекс компанийн бизнес төвийн эл байрыг 500,000 ам доллараар Эскон компани худалдаж авах гэрээг 2011.12.01-ний өдөр хийжээ. Гэрээний 4.1 Тооцоо хийх журамд "Талууд гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор худалдан авагчид шилжүүлнэ. Төлбөрийн баримт нь гэрээний үүргээ биелүүлснийг гэрчилнэ” гэж заажээ. Эскон компани 2011.12.02-ны өдөр Хаан банкнаас 500.0 ам долларыг Империал гоулд компанид "Гэрээний төлбөр” гэж шилжүүлжээ. Энэ төлбөрийн баримт нь гэрээнд зааснаар Эскон компанийг гэрээнийхээ үүргийг биелүүлснийг гэрчилж байна.
2. Гэрээ бүрэн биелэгдсэнийг давхар нотлох төрийн байгуулллагын албан ёсны хүчин төгөлдөр эрхзүйн баримт бичгүүд ч бий.
-Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2015.05.02-ны өдөр олгосон "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд "Эскон компани Нийслэлийн СБД-ийн 1 хороо Олимпийн гудамжны 23-т байршилтай 900,6 м2 талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү 2203010649 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов”
- Газрын албанаас 2012.06.26-ны өдөр олгосон "АА-н нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ”-нд "Эскон компанид УБ хотын СБ дүүргийн нутаг дэвсгэрт ЗД-ын 201.06.22-ны өдрийн А/455 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 146001/0045 дугаар бүхий 990 м2 га газрыг 50 жилийн хугацаатайгаар контор үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов” гэжээ.
Гэрээний 9-р зүйлд "Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол МУ-ын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Дээрх гэрээний талаар шүүхэд ямар ч маргаан гараагүй байгаа юм. Гэтэл ямар нэгэн маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлэх ёстой цэвэр иргэний харилцааны энэ асуудлыг Цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж эхэлсэн нь ямар учиртай вэ?
Иргэний журмаар байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ талууд ийнхүү бүрэн биелүүлсэн, үүнийг нь төрийн байгууллагууд хууль журмын дагуу батламжилснаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсний дараа гэнэт 1 тэрбум төгрөгийн тухай асуудал гарч ирэв.
1 тэрбум төгрөг өгөлцөж авалцах тухай үүрэг хүлээсэн албан ёсны бичиг гэрээ баримт байхгүй, гарын үсгийн тасархай ч байхгүй. Юу гэвэл, Хурдан морь наймаалцчихаад хэдэн жилийн дараа даншигт түрүүлэхээр нь "Миний морь их хурдан морь байжээ. Би мөнгө нэмж авмаар байна” гэсэнтэй яг адил юм болоод байгаа юм. Худалдсан тал нь сэтгэл дундуур байгаагаа нөгөө талдаа илэрхийлж хошуу унжуулсан хэрэг. Гэтэл хуулийн байгууллагынхан нотлох баримтыг шаардах ёстой байтал "би тэгж хүсч байна” гэдгээр асуудлыг шийдвэрлэхээр оролдож, улс төрийн захиалгыг гүйцэлдүүлэх гэж байна.


Хошуугаа унжуулагч нь хэн бэ


Н.Энхбаярт "онц ихээр хууран мэхлэгдсэн” гэх АНУ-ын иргэн Гинзбург гэгч хэн бэ. Монгол мэтийн жижиг буурай орнуудад стандартын бус бизнес хийж ихээхэн хонжоо олдог бизнесийн ангууч бөгөөд АНУ-ын төрийн өндөр алба хашдаг зарим хүмүүсийн нэрийг барьж анх орж ирж байжээ. Тэрээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Монголд казино нээхээр дэмжлэг хүссэн боловч тусыг эс олсон бөгөөд одоо манай улсад хэд хэдэн уурхай эзэмшиж байгаа америкийн тэрбумтан, Империал гоулд компанийн эзэн, 3 жилийн өмнө дээрх байшинг худалдсан этгээд.
Гинзбургийн баруун гар Мечкаров. Монголд байнга суурин байдаг тэрээр Гинзбургийн монгол дахь олон тооны бизнесийг нь хариуцдаг. Монро импексийн байранд оффислож, банкны хоёр том машин гаднаа сойж, хар шилтэй арваад хамгаалагчаар хамгаалуулж, монголын охид бүсгүйчүүдийг хэдэн арваар нь өвөртөө хийж бузарлаж байгаа Мечкаров гэгч энэ нөхөр байшин худалдах гэрээнд гарын үсэг зурсан этгээд.
Байшин худалдсан дээрх долларын саятангууд 3 жилийн өмнө хийж дууссан гэрээ хэлцлээ гэнэт эргэн сөхөж иргэний журмаар хэлэлцэн тохирсон асуудлыг эрүүгийн хэрэг болгон гаргаж ирэв. Тэгээд гэрээ хийсэн монголын компаниасаа 1 сая долларыг нэмж нэхэх биш бүр МУ-ын Ерөнхийлөгч асан хүнийг шантаажилж, өөрийнхөө эргүүлгэнд хамруулахыг хүсчээ. Америк тэрбумтан яагаад хамтарч байсан монгол компанийг сэгсрэхээр шийдэж, Монголын төрийн тэргүүнээр оролдохыг санаархав? Яагаад? Империал гоулд буюу тэрбумтан Гинзбург экс Ерөнхийлөгчөөс гурван зүйлийг хүсч шаргуу шаардаж байсан гэдэг. 1-дүгээрт Монголд казино байгуулах зөвшөөрөл олж өгөх 2-дугаарт Ашигт малтмалын лиценз олж өгөх 3-дугаарт Байшин худалдсан наймааг буцааж өгөх Эдгээр "Гурван хүслийг нь биелүүлбэл өндөр шан харамж өгнө” гэжээ. Эдгээр хүсэлтүүд нь бүгд талаар болжээ. Дээрх шаардлагууд нь хууль бус үйл ажиллагаа явуулахыг шахаж шантаажилсан хэрэг байсан учраас хариуд нь Н.Энхбаяр: "Казино байгуулах асуудал бол монголын хуулийн дагуу яригдах ёстой зүйл. Би энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй, эрх хэмжээ ч байхгүй. Байшин худалдсан тухайд бол Эскон компани танай компани хооронд байгуулсан гэрээ шүү дээ. Надад үүнийг хөдөлгөх эрх ч байхгүй. Харин МАХН энэ байшинг түрээсээр ашиглаж байгаа нь үнэн. Надад холбогдуулсан хилс хэргийн улмаас миний хувийн болоод намын байдал хүнд байгааг та нөхөд ойлгож байгаа байх. Би боломжтой болмогц байшин өмчлөгчид түрээсээ төлнө” гэж хэлсэн байдаг. Ингээд л өндөр шан харамж амлаж байсан Империал гоулдын эзэн америк эр хууль бус бизнес хийж асар их ашиг хонжоо олох боломжийг нь хаасан экс Ерөнхийлөгчид гомдож 1 тэрбум төгрөгийг нэхэхээр шийджээ. Дээр өгүүлсэнчлэн, хурдан морио зарчихаад наадамд түрүүлсэн хойно нь "би мөнгө нэмж авмаар байна” гэсэн л хэрэг. Шунахад хязгаар даврахад даруулга гэж баймаар. Монголын иргэнийг тэр тусмаа бүр Ерөнхийлөгч байсан хүнийг ийнхүү шантаажилж, мөнгө нэхэж буй эдгээр нөхдүүдийг харин ч өөрсдийг нь МУ-ын хуулийн дагуу эрүүгийн хариуцлагад татсан байхад хэн ч гайхахгүй бөгөөд хууль зүйн бүрэн үндэстэй юм. Цэнхэр мандалын хоёр том уурхайгаас аваад нэлээн хэдэн уурхайг эзэмшдэг эдгээр нөхдийг татвараа төлдөг эсэхийг, лицензнийх нь хугацаа болон хууль ёсны эсэхийг ч шалгах хэрэгтэй юм.
Ер нь энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Юу гэвэл, бусад улс орнууд нэг хатуу зарчимтай. Өөрийн орны иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт авч үзэж эрх ашгийг нь хамгаалахын төлөө дэлхийн хаана ч хүрч ажилладаг. Гэтэл Монголд ирж хууль бусаар ашиг олж завшаад зогсохгүй даврахын дээдээр даварч буй гадны нөхдийн хүслийг гүйцэлдүүлэх гэж ямар ч хууль зүйн үндэслэлгүй зүйлийг үнэн болгож, өөрийн иргэндээ эрүү үүсгэж, зориудаар хэрэг болгон наалдуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Хуулийн дагуу гэрээгээ хийчихсэн, төлбөрөө төлчихсөн Монгол Улсын иргэн хүн яагаад бурууддаг, харин авах мөнгөө авчихсан нэг этгээд хэдэн жилийн дараа дахин мөнгө авахаар шунасан энэ үйлдлийг яагаад туйлын үнэн болгоод байна вэ. Хиллари Клинтоны хамаатан гэдгээр нь давуу эрх эдлүүлэх гээд байгаа юм болов уу... Ардчилал алагчлахгүй хандахыг хэлдэг юм. Гэтэл ардчилсан монгол төр өрөөлийн хүнийг өршөөж ханддаг, өөрийн иргэнийг өширхөж ханддаг болоод байгаа нь том эмгэнэл биш гэж үү. Энэ мэтээр монголын бүх асуудалд гадныхан оролцож, монголын төрийг ийнхүү хүссэнээрээ хөдөлгөж, монголд нүүрлээд байгаа аймшиг дагуулсан бохир улс төрд хөндлөнгөөс хутгалдаж байна. Хэрэв Монгол Улсын хуулийг улан дороо дэвсэж, бусдаас хууль бусаар мөнгө авахыг санаархаж, үүндээ улсынхаа томоохон улс төрчийн нэрийг ашиглаж байгаа бол Гинзбург гээч энэ иргэнийхээ "гар хөлийг татаж аваач” гэж АНУ-ын төрд хандахаас өөр аргагүй болох нь ээ..


Хардлага /өөр өнцөг/


Гэнэт нэг гадаад нөхөр өөрөө гарч ирээд "танай Энхбаярыг шийтгүүлэх хүсэлтэй байна” гээд өргөдөл өгсөн гэхэд бас итгэмгүй. Тэгээд ч Гинзбургийн өөрийн гараар бичсэн нэхэмжлэлийг одоогоор олж харсан хүн байхгүй. Америкийн нөлөө бүхий төрийн зүтгэлтний хамаатан, долларын тэрбумтан хүн өнөөдөр гэнэт 1 тэрбум төгрөгөөр дутаж тэгтлээ бачимдах гэж байх уу...Тэр хүн Монголд хөл тавьсан цагаасаа л хуучны танил Н.Энхбаярыг түшиж холбоотой байсан хэр нь өнөөдөр түүнийг зохиомол хилс хэрэгт унаж, тэвдэж явахад нь туслахын оронд тэмээн чинээ яланд унагах уу? Монголын улс төрд хутгалдаж Н.Энхбаяртай тооцоо хийх гэсэн хүсэл зорилгод үнэхээр гэнэт үйлчлээд эхлэв үү? Маш олон асуулт. Энэ хүнийг Н.Энхбаяраас айсан Н.Энхбаярыг унагах гэсэн Монголын цөөн улс төрийн хүний гар хөл болоод явж байна гэхэд үнэмшимгүй. Нэг л хардлага гарч ирж байна. "Н.Энхбаярыг хэрэгт шийтгүүлж яланд унагачихвал Н.Энхбаяраас хүсээд байсан тэр казино, лицензийг чинь хүссэнээр чинь өгье” гэсэн байх магадлал. Юу гээчид орооцолдоод байгаагаа тэр хүн ер нь мэдэж байгаа бол уу. Хэрэв мэдээгүй бол гадны хүний нэрийг барьж ийм жигшүүртэй хэргийг зохиож монгол төрийг гутааж байгаа хэсэг нөхдүүд том хэрэгт унах нь тодорхой. Улсынх нь иргэнийг гол дүр болгосон "Зохиомол хэргийн түүх”ийн талаар ч АНУ-ын төрд бас хандахаас өөр арга алга. Эцэст нь хэлэхэд бид нэгэн дээвэр дор нэгэн газар нутгаар өлгийдүүлж, нэгэн овгоор овоглож нэг цусаар амьдарч байгаа Хөх Монголчууд гэдгээ өдөр бүр санаж, эв эеийг эрхэмлэн амьдарцгаая. Амьдрал богинохон хугацаатай.

Ө.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>