10397 удаагийн газар хөдлөлт болжээ

1005
2010 онд Гаити улсад долоон баллын хүчтэй газар хөдөлж, 300 мянган хүн амь насаа алдсан. Мөн нийслэл хотын барилга байгууламжийн  90 хувь нь нурсан гэх мэдээллийг УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгч иш татав. Үүний учир нь манай улсад ч ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл байгааг анхааруулсан хэрэг. Хэдхэн хоногийн өмнө болсон 4.4 магнитудын газар хөдлөлт бидэнд дохио өгсөн байж болзошгүй. Муу ёрлож байгаа юм биш. Бүх зүйлийг  сайнаар бодож, төсөөлж суух цаг нэгэнт өнгөрч, асуудал хоолойд тулж ирсний шинж. Үүнээс хойш бараг өдөр бүр л хот, хөдөөд "газар хөдлөлт боллоо” гэсэн мэдээлэл цахим хуудаснаас салахаа болив. Албаны хүмүүс ч энэ сарын 3-наас 7-ны хооронд газар хөдлөлтийн давтамж 14 удаа болсон гэдгийг  хэлж байна.

 

Гачуурт, Гүнжийн хоолойд болсон газар хөдлөлтийн үеэр  Бэлх, Шаргаморьт,Гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонсогдож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн бол хотынхонд чичирхийлэл мэдрэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллага хэлж байна. Иргэдийн зарим нь  зүрхээр хатгасан, нүргэлсэн чимээ  сонсогдсон гэдгийг  цахим хуудсаар дамжуулж байв. Хэрэв энэ үеэр барилга байшин нурсан бол бид ямар нэгэн алхам хийж чадахгүй сууж байгаад дарагдах нь, мөн ямар хүмүүс мэдээлэл өгч, хаана нуугдаж, хэн аврах нь тодорхойгүй байна хэмээн олон нийт болгоомжилж байв.

Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр 2013 онд Японы олон улсын  байгууллагатай хамтран гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийжээ. Энэ  үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй гэсэн судалгаа гарсан байна. Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт бол­вол хүн амын 40 хувь нь амьдардаг Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүснэ.  Мөн 30-60 мянга  орчим хүн газар хөдлөлтөд өртөх  тооцоо гарсан байна. Мөн сүүлийн 10 жилийн  хугацаанд Улаанбаатар хот болон хот орчмын бүс нутагт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт ажиглагдаж нийтдээ  0.1-5.2 магнитудын хүчтэй 10397 удаагийн газар хөдлөлт болсон статистик тоо байна. Ялангуяа сүүлийн таван жилийн газар хөдлөлтийн талаарх судалгаанаас харахад 2011 онд 400, 2012 онд 797, 2013 онд 2148, 2014 онд 1147, энэ оны эхний есөн сарын байдлаар 896 удаагийн газар хөдлөлт болжээ. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад дунджаар 3-5 дахин ихэссэн үзүүлэлт юм. Мөн 2005 онд өмнөх онуудаас хоёр дахин их, 2012 онд дөрөв дахин их, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өсчээ. Цаашид ч буурах төлөв ажиглагдахгүй байгааг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн хэлж байна. Эндээс харахад  сүүлийн арван  жилд 10397 удаагийн газар хөдлөлтийг аймшиггүйгээр давжээ, бид. Гэвч, эрдэмтэн, суд­лаачдын хийсэн дүгнэлт  иймэрхүү хэнэггүй байдлаар цаашид тайван амьдарч болохгүйг анхааруулж байна. Азаар 10397 удаагийн газар хөдлөлт сайнаар төгслөө. Харин дараа, дараагийнх нь яах бол гэдгийг энэ бүх тоо баримт бэлхэнээ хэлж өгч байна.

Эндээс хамгийн ноцтой мэдээлэл гэвэл Улаанбаатарыг тойроод Эмээлт, Хустай, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гэсэн зургаан  газарт,  газар доогуур үүссэн асар том хагархай, ангал  байна. Эдгээр ан цав нийлэх юм бол маш хүчтэй газар хөдлөлт үүснэ. Ан цав зарим газраа ойртож ирсэн, мөн таван газар  дээр нь 7-гоос дээш магнитудын газар хөдлөлт болох эрсдэл өндөр байна гэсэн судалгааг  шинжлэх ухаан, олон улсын байгууллагууд  гаргажээ. Дээр хэлсэнчлэн Японы олон улсын байгууллагын эрсдэлийн үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох юм бол Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30-60 мянга орчим хүн газар хөдлөлтөд өртөх  тооцоо бий. Харин долоогоос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход хэр хэмжээний барилга нурж, хэдэн хүн эрсдэхийг мэдэхгүй. Үнэндээ, газар хөдлөлтийн гамшгийн идэвх­жил нэмэгдэж бай­гаад иргэд маш их санаа зовж байна. Гэтэл бид гамшгаас урьд­чилан сэргийлэх бэлт­гэлгүй байгааг  чуул­ганы хуралдаан дээр Ерөнхийлөгч шүүм­жилсэн. Тиймээс иргэд нь ч, эрх баригчид нь ч газар хөдлөлтийн гамшигт бэлтгэе.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>