Сая хүнтэй хотод сонин борлуулах цэгээ гадуурхдаг болжээ

911

-Хүмүүст сонин унших хэрэгцээ байгаа ч худалдах газруудын ихэнхийг нь хаасан байв-

Манай нэгэн уншигч сонин хайж Баруун дөрвөн замаас Төв шуудан хүртэл явсан тухайгаа цахим хуудсандаа бичсэн нь олны анхаарлыг татаж байна. Сэтгүүлчдэд ч "Танай сонинд тийм сайхан материал нийтлэгдсэн гэнэ. Нэг сонин надад хадгалж болох уу” гэсэн хүсэлт, гуйлт тавих нь ихсээд байгаа. "Зар мэдээ” сонины борлуулалтын албаныхан "Өмнө нь хотод сонин худалдаалдаг 300 гаруй цэг байсан. Одоо хэдэн бүхээг, дэлгүүр, худалдааны төвд сууж байгаа сонин борлуулагчид нийлээд 50 гаруйхан болчихсон” гэсэн юм. Иймээс сонины үүргийн худалдааны нөхцөл ямар байгааг бид сурвалжиллаа.

Өчигдөр өглөөний 06:50 цагийн орчимд Үйлдвэр урлалийн дээд сургуулийн замын эсрэг талд байрлах сонин түгээх бирж дээр очлоо. Гадна талд нь ганц суудлын тэрэг зогссоныг эс тооцвол эл хуль ноёлох аж. Түгээлтийн ажилтнууд "Өмнө нь "АВМ” гэдэг компани байлаа. Өнөө "Монголньюс” гэсэн цэнхэр бүхээгүүдийг түрээслэдэг байсан шүү дээ. Түүнийг нийслэлийн зүгээс өнгө үзэмж, тохирохгүй, стандартад нийцээгүй шалтгаанаар хавчсаар байгаад өнгөрсөн хавар татан буулгасан юм. Ихэнх бүхээгийг компани нь татчихсан юм билээ. Заримыг нь ажиллуулж байсан хүнд нь 300 мянган төгрөгөөр худалдсан гэсэн. Гэвч манай борлуулагч нарыг дүүргүүд нь хөөгөөд байдаг юм билээ. Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн төрийн албаныхан сүрхий хөөж, зарим бүхээгийг шөнөөр бараатай нь ачаад явчихдаг. Өдөр ирэх бүр л борлуулагчид багасч байна.

Одоо ирэхээр нь та нар харна даа” гэсээр угтлаа. Энэ зуур "Үгийн сүлжээ” сонины түгээгч "Манайх 1500 төгрөгөөр худалддаг сонингоо хямдруулж 1000 төгрөг болгосон. Гэвч үүргийн худалдаа алга болж байгаагаас сонин хэвлэх ашиггүй болж байна даа. Ер нь борлуулах цэгүүд олон байхад настайчууд, хүүхдүүд сонин аваад автобус унаагаар яваад ч зарчихдаг байлаа. Хүмүүс ч зам зуур дайралдахад худалдаад авчихдаг байсан. Одоо тэр хүмүүс хаанаас авахаа мэдэхгүй байгаа хэрэг” хэмээв. Ерөнхийдөө 07:30 минутын орчимд сонин борлуулдаг хүмүүс цуварч эхлэх аж. Гэвч хэдэн жилийн өмнөх шиг олон хүн сонин борлуулахаа байсан нь илт мэдэгдэж байв.

"Ардын эрх”-ийн автобусны буудал дээр нэлээд хэдэн жил сонин борлуулж байгаа Дашлэгцэг хуучин цэнхэр бүхээгээ худалдаж авсан байна. Тэрээр "Өмнө нь сарын 60 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан юм. Тэгээд компани нь татан буугдахад худалдаж авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа ирээд "Та нар энд байх ёсгүй. Хотын захиргаа үүнийг чинь зөвшөөрөхгүй” гээд хөөгөөд байгаа. Автобусны буудал дээр байсан ТҮЦ-үүдийн тоо нэмэгдээд байхад сониныг л хөөгөөд байх юм. Тэгээд хэлэхээр "Эд нар зөвшөөрөлтэй. Та нарыг зөвшөөрөхгүй” гэдэг. Сонин муудчихаараа хүний гэдэс өвтгөх хүнсний бараа биш шүү дээ. Хэрвээ би сонин худалдахаа больчих юм бол Шар хаднаас Сансарын хойд замаар III, IV хороолол хүрэх замд сонин борлуулах цэг таарахгүй” гэв.

АСЕМ-ийн уулзалт өнгөртөл сонин борлуулах зөвшөөрөл өгөхгүй гэжээ

Нэгэнт л борлуулах цэг байхгүй болсон болохоор борлуулагчид "Зар мэдээ” сонинд хандаж эхэлсэн гэнэ. Тэр дагуу нь хуучнаас арай том бүхээг хийжээ. Гэвч дүүргүүд стандарт батлаагүйн дээр ирэх жил АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох тул нэг ч зөвшөөрөл өгөхгүй гэж байгаа аж. "Зар мэдээ” сонины борлуулалтын менежер Л.Мөнхгэрэл "Өдөр тутмын сонин, зарын сонингууд хүмүүсийн хэрэглээнд хэвшиж эрэлт хэрэгцээтэй болсон. Хуучин цэнхэр бүхээгүүдийг хавчсанаас сонины үүргийн борлуулалт 40 хувиар буурчихаад байгаа. Ажлын байраа хураалгасан олон хүн манайд хандсан. Ажил маань борлуулалтын цэгүүдтэй шууд холбоотой болохоор манайх чадлаараа бүхээг барихаар шийдсэн. Бид ямар журмаар бүхээг үйлдвэрлэж байгаа талаар боломжуудыг хайж нийслэлийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй уулзсан. Стандарт загварыг нийслэлээс шийдэхдээ хүнсний ТҮЦ, сонин хэвлэлийн бүхээг хоёрын ялгааг гаргаагүй. Нэг ерөнхий журам гаргаад хүнснийхийг голлоод барьчихсан байгаа юм. Тэгтэл гэнэт сонин хэвлэлийг шахаад эхлэхээр дүүрэгтээ хандтал тэд аль хэдийнэ олгодог талбайгаа олгочихсон гэх зэргээр харьцаж эхэлсэн. Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсүүд сонин борлуулах цэгүүд стандарт хангахгүй гэдэг. Стандарт нь ямар байх ёстой юм гэхээр "Батлаагүй” гэнэ. Бид өөрсдөө загвар гаргаад ийм байж болох уу гэхээр "Ойрын хоёр жилдээ батлахгүй. АСЕМ-ийн чуулган болох гэж байгаа учраас зам дагуу сонины бүхээг байх ёсгүй” гээд байгаа. Нийслэлийн Захирагчийн албаны Худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргүүдэд эрхийг нь шилжүүлсэн гэж тайлбарладаг. Өнгөрсөн зунжингаа л дүүрэг болгон дээр очиж Худалдаа үйлчилгээний хэлтэстэй уулзсан. Хүнсний ТҮЦ-ийг харж байгаад адилхан бор өнгөтэй, арай том хийлээ гэхээр хангалттай сайн болоогүй байна гэдэг. Ямар загвартай байх ёстойг асуухаар батлагдаагүй, хэзээ батлах нь тодорхойгүй гэсэн хариу авч байна. Арваад бүхээг хийчихээд дүүргүүдээс гуйж заримыг нь аваачаад тавьчихсан. Байнга л хөөж байна даа. Ачиж явчих гээд байнгын дарамттай байна” гэв.

Мөн "Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг ард иргэдийн амьжиргаа талаас харсан уу тэгэсхийгээд тавьчих, гэхдээ найдвартай биш шүү, нэг л өдөр хөөгөөд явуулах боломжтой гэсэн. Баянзүрх дүүрэг өргөдлөө өгчих гээд өгөхөөр ерөөсөө шийдэж өгдөггүй. Баянгол дүүрэг шууд ачна гэж байнга айлгадаг. Олон борлуулагч ажлын байр бэлдээд өгөөч гээд байгаа. Түрээсээр л өгөхгүй бол ТҮЦ-үүд шиг шууд худалдаад авчих хүн байхгүй. Дандаа ядарсан хүмүүс шүү дээ. Сонин худалдаад 20 хувийг нь л авдаг хүмүүс шүү дээ. Маш олон хүн ажлын байраараа хохирч байна даа. Дүүргүүдийн хувьд та нар биднээс зөвшөөрөл аваагүй цагт тавихгүй гэсэн дээрэнгүй өнгөөр л харьцаж байгаа” гэж ярилаа.

Энэ зуур борлуулагчид "Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэнэтхэн л "АВМ” компанийнхан татан буугдаж байгаа. Бүхээгээ авна гээд эхэлсэн. Бараг л харвах шахаж байгаа юм. 8-25 жил сонин зарж л талхаа олж байсан хүмүүс шүү дээ. Харин "Зар мэдээ”-гийнхэн нэг юм хийх гээд байх шиг байна” гэлцэж байв. "Зар мэдээ” сонины хувьд Хан-Уул дүүрэгт дөрөв, Баянгол дүүрэгт дөрөв, Баянзүрх дүүрэгт хоёр, Чингэлтэй дүүрэгт хоёр бүхээгээ тавьсан гэнэ. Тодруулбал, "Тэнгис” кинотеатрын автобусны буудлын урд, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойно, III, IV хорооллын эцэст, Москва рестораны өмнө, 120-ийн автобусны буудал, Үйлдвэр комбинатын 19 дүгээр буудлын хоёр талд, Заводын автобусны буудал, "Жаран” дэлгүүрийн өмнө, "Мөнгөнзавьяа”-гийн өмнө тус, тус тавьсан байна. Дээр нь хуучин бүхээгээ худалдаж авсан 20 гаруй хүн байдаг байна. Тэд бүгд хэзээ ачаад явах нь мэдэгдэхгүй нөхцөлд байгаа аж. Эдгээр бүхээгүүдэд суусан хүмүүс нь ч дүүргийнхээ Худалдаа, үйлчилгээний хэлтэс, хорооны дарга нараасаа айгаад элдвийн юм ярихгүй байя гэж боддог бололтой.

Дөрөвдүгээр сараас хойш гадаа цаасан хайрцаг дэвсэж сонин худалджээ

Сонин түгээх биржээс гараад Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойд тал, "Тэнгис” кинотеатрын автобусны буудал, "Мөнгөнзавьяа” дэлгүүрийн урд талын шинээр тавьсан сонин борлуулах цэгүүдээр орлоо. Хуучин хааш хаашаа нэг алхам цэнхэр бүхээгүүдийг бодвол нэлээд том юм. 1.8/1.2 метрийн харьцаатай аж. Сонин борлуулагчид "Өмнөхөө бодвол зайтай аятайхан юм. Үүнээс том бол бидэнд хэрэггүй л дээ. Бид удаан байсан газартаа захиалагчтай болчихдог. Танай сониноос 13-ыг захиалчихсан байна” гэх зэргээр үзүүлж байлаа.

Харин "Теди” төвийн дэргэдэх цэнхэр бүхээгийн борлуулагч Хулан "Намайг энэ өвөл, хавартаа байж болно гэсэн. Харин АСЕМ-ийн уулзалттай учраас түүнээс цааш байлгахгүй гэж байна лээ” хэмээж байлаа. Сонин борлуулах цэгүүдийн зай үнэхээр хол юм. УИД-ээс Чингисийн талбайн урд буудал хүртэл явахад "Мөнгөнзавьяа” дэлгүүрийн өмнө ганцхан сонин борлуулах цэг дайралдав. Чингисийн талбайн урд автобусны буудлын киоск ажиллахгүй байлаа. Харин тэр буудал дээр ширхгийн бараа зардаг настай эмэгтэй "Өдрийн сонин”-ы дугаараас гурвыг барааныхаа дэргэд тавьсан байсан юм. Тэрээр "Хүмүүс сонин борлуулах цэг ажиллаж байгаа эсэхийг асуугаад байдаг болохоор ганц нэгийг хүүд захиж авчруулдаг юм. Авчирсан даруйдаа л зарагдчихдаг” хэмээж байлаа.

Баянзүрх захын автобусны буудал болон XIII хорооллын автобусны буудал дээр байсан хоёр сонин борлуулах бүхээгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны шөнө дотор нь байсан бараатай нь дүүргээс хүмүүс ирээд ачаад явчихжээ. Түүнээс хойш Баянзүрх захын автобусны буудал дээр сонин борлуулдаг Д.Бямбасүрэн Цамбагаравын тэнд нэг ТҮЦ хөлсөлж хэсэг сууж үзжээ. Гэвч хүмүүс авахгүй болохоор нь буцаж ирээд цаасан хайрцаг дээр сонингоо худалдаалж эхэлсэн байна. Ардаа эмийн сангийн хананд "Сонин борлуулах цэг. Захиалга авна” гэсэн зарлал хадчихаж. Ойр орчмын үйлчилгээний газруудын хүмүүс "Сонин худалдаж аваад амар л байдаг юм. Заримдаа цагдаа нар ирж ил задгай сонин худалдаж болохгүй гээд хөөгөөд байдаг. Цаасан хайрцгийг нь өшиглөж тараагаад явчихаж байсан ч удаатай” хэмээж байв. Харин Д.Бямбасүрэн "Дөрөвдүгээр сараас хойш л гадаа сууж байна. Цагдаа нар хаа нэг хөөж л байдаг юм. Би оюуны бүтээл зараад сууж байна хог шороо зараагүй гэхээр гайгүй байдаг. Цагдаа нар сонин болохоор торгох нь гайгүй. Гэхдээ таван мянгаас дээш төгрөгөөр л торгодог юм. Сонин худалдаад олох орлого бага шүү дээ. Энэ хавьдаа дасчихсан болохоор байнга сонин авдаг хүмүүстэй. Тэгээд л ингэж сууна. Бороо орохоор сониноо аваад цайны газар орчихдог. Одоо өдөр богиносоод хүйтрээд л байна. Бид чинь настай хүмүүс болохоор өөр ажил ч олдохгүй шүү дээ” хэмээж байв. Энэ автобусны буудал дээр таван ТҮЦ байлаа. Гурав нь сүүлд тавигдсан шинэ ТҮЦ шиг харагдах аж. Гэвч сонин борлуулж байгаа ганц хүн нь хөөгдөж туугдан гадаа, газар сууж байх юм.

Харин XIII хорооллын автобусны буудал дээр сонин борлуулдаг Н.Цэцэгмаа бүхээгээ хураалгаснаасаа хойш ХААН банкны үүдний хоёр хаалганы завсар сонингоо зарж байгаа аж. Банкныхан үүдэндээ ломбард оруулах гээд гарахыг нь хүлээж байгаа гэнэ. Тэрээр "Өнгө үзэмжгүй гээд л киоскийг минь аваад явчихсан. Одоо үзэмжтэйг нь тавья гэхээр төв замд юм тавиулахгүй гээд байгаа. Уг нь төв замаа дагаж байж л сонин хүний гарт хүрнэ шүү дээ. Би арваад жил энд сонин борлуулж байна. Танай "Өдрийн сонин” сайн зарагддаг юм. Бас би танай сониныг захиалдаг арав гаруй захиалагчтай. Энэ байраа сарын 100 мянган төгрөгөөр түрээслээд сууж байна. Бүхээгээ хураалгасныхаа дараа Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа дээр очоод газар зааж өгч ажлын байрыг минь үргэлжлүүлж өгнө үү гэтэл "Таны ажлын байр биш шүү дээ” гэсэн. Тэр ажлын байр биш юу байсан юм бол доо. Энд суухаар хүмүүс мэдэхгүй борлуулалт буураад байна. Сонин захиалдаг хэдэн хүнээ бодоод энэ хавиас явж чаддаггүй ээ. Автобусны буудал дээр энд байгаагаа мэдэгдэж гурвалжин зарлал тавьсан юм. Гэвч хүмүүс хардаггүй бололтой. Орж ирээд нуугдмал газар суулаа гээд загнадаг хүн ч бий. Биднийг хөөснийхөө дараа хүнсний ТҮЦ тавьчихсан. Сониныг л ад үзээд байх юм. Сонинг хүнд борлуулж болдоггүй юм уу. Соёлт хүний хэрэгцээ шүү дээ. Хашааны буланд нэг юм тавиулъя гэж бодож байгаа. Гэхдээ аваад явчих вий гэж айх юм. Одоо энд ломбард оруулна, таны түрээсийг хэд нугалж өгнө гэсэн гээд байгаа. Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа "Зар мэдээ”-гийнхэнд "Та нар тэр Э.Бат-Үүлээсээ бичгээ аваад ир гэсэн байна лээ. Э.Бат-Үүл нь яаж олдох вэ дээ. Энд суугаад сонины борлуулалт хоёр дахин багассан” гэж ярилаа.

Бид цааш Кино үйлдвэрийн автобусны буудал хүртэл явсан боловч нэг ч сонин борлуулах цэг тааралдсангүй. Харин автобусны буудал болгон дээр хүнсний ТҮЦ л шинээр нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. Нуугдаж, хөөгдөж, айж мэгдэж суугаа хэдхэн хүнийг эс тооцвол төв зам дагуу сонин худалдаж байгаа газар алга байв. Сая гаруй хүнтэй нийслэл хотод сонин борлуулах цэг хайвал амар олдохгүй болжээ.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>