С.Бямбацогт: Хоёр ч хуулийн заалт зөрчиж, эвслийнхэнд завсарлага өгсөн

1181

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байв. Гэвч "Шударга ёс” эвслийн бүлэг хоёр дахиа завсарлага авч, дахин долоо хоногоор хойш чангаагаад буй.

Түүгээр ч зогсохгүй эвслийнхэн ийнхүү завсарлага авсан нь хоёр ч хуулийн заалтыг зөрчсөн хэрэг болжээ. Үүнээс гадна УИХ энэ цаг үед энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй ч эрх баригчдын ирц бүрдэхгүй байна.

Засгийн газрын сайд нар ч төсөв хэлэлцэж байхад бараа сураг нь харагдахгүй байгаа юм. Тиймээс эдгээр асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цөөн асуултад хариулт авлаа.

143857895855bef90e3e26e-Өршөөлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх байсан ч "Шударга ёс” эвслийн бүлэг хоёр дахиа завсарлага авчихлаа. Гэтэл нэг асуудлаар хоёр дахин завсарлага өгдөггүй, хууль зөрчлөө гээд байна. Энэ ямар учиртай юм бэ, тухайлбал ямар хуулийг зөрчсөн бэ?

-Аливаа хуулийг баталсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч долоо хоногийн дотор хориг тавих учиртай байдаг. Харин долоо хоног өнгөрчихвөл тухайн хуулийг хүчин төгөлдөр боллоо гэж үздэг. Өршөөлийн тухай хуулийг баталснаас долоо хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавьсан учраас уг хуулийг хүчин төгөлдөр бус буюу бүрэн баталгаажаагүй хууль гэж үзэж болно.

Үүний үндсэн дээр Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад асуудлыг хэлэлцэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тийм болохоор энэ хууль маань "эх”- ээс бүрэн гүйцэд төрж амжаагүй байна л гэсэн үг шүү дээ. Нэг үгээр бол, энэ бол нэгдсэн нэг л хууль. Хуулийн процесс одоо ч үргэлжилж байгаа.

Хэрвээ хуулийг батлаад хэрэгжчихсэн байсан бол өөр шүү дээ. Гэтэл Өршөөлийн хууль ийм шатанд хүрээгүй учраас бид дахиад ярьж байгаа юм. Тиймээс нэгдүгээрт, нэг асуудлаар дахин дахин завсарлага өгч байгаа нь хууль зөрчсөн хэрэг гэж бид үзсэн.

-Дэгийн хууль зөрчсөн гэсэн үг үү?

-УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд энэ талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, шаардлагатай тохиолдолд нам, эвслийн бүлэг завсарлага авна. Түүнээс гадна завсарлагыг бүлгийн дарга юмуу дэд дарга авна гэсэн заалт байдаг. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд МАХН МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлгээс дарга нь болон дэд дарга нь ч байгаагүй.

Тэгсэн атлаа Д.Тэрбишдагва гишүүн завсарлага авчихлаа шүү дээ. Гэтэл энэ нь завсарлага өгөх үндэслэл биш юм. Хуралдаан даргалагчийн зүгээс энэ асуудалд өөрийнхөө үзэмжээр хандсан зүйл байгаа.

-Төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэх үеэр / өнгөрсөн баасан гариг/ ирц хүрээгүй байхад чуулганыг эхлүүлсэн гэдэг яриа гараад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнөө өглөө /өнгөрсөн баасан гариг/ 10.30 цаг хүртэл чуулганыг эхлүүлэлгүй гишүүдийг хүлээлгэсэн. Энэ хүртэл ирц хүрэхгүй байсан хэрэг л дээ. Харин хурал даргалагчийн зүгээс ирээгүй 6-7 гишүүний картыг хийж байж ирцийг хүчээр хүргэсэн. 09.00 цагт эхлэх хуралдааныг арай гэж 10.30 цагт эхлүүлсэн гэсэн үг л дээ.

Энэ хуралдаанаар бид төсвийг хэлэлцэх байсан. Гэтэл төсөв гэж ганцхан хууль байдаггүй. Түүнийг дагалдсан буюу төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийг дагалдаж өргөн мэдүүлсэн хуулиуд нийлж байж цогцоороо Монгол Улсын төсөв болдог.

Гэтэл төсвийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох бусад хуулийг хэлэлцэх үеэр чуулганы нэгдсэн хуралдаанд Засийн газраас хоёрхон сайд сууж байх жишээтэй. 19 сайдаас хоёр нь л байсан.

-Танай бүлгийн зүгээс хуралдааныг орхиж гарсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Чуулган ирцгүй эхэлсэн. Дээрээс нь төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын сайд нар сууж байх ёстой. Төсвийг хэлэлцэж батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал. Тийм учраас энэ чухал асуудлаар ирцгүй хуралдаж байна.

Мөн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу УИХ төсвөө батлах учиртай байтал үүнд Ерөнхий сайд нь, сайд нар болон УИХ-ын гишүүд нь байх ёстой атал ирцгүй байсан учраас МАН- ын бүлгийн зүгээс хуралдааныг орхисон. Харамсалтай нь, хурал орхиулахгүй гэдэг байдлаар хуралдаан даргалагч бидэнд хандсан. Ийм байдлаар төрийн ажлыг ингэж хариуцлагагүй хийж болохгүй.

Эрх барьж байгаа бол эрхээ барьсан шиг барих хэрэгтэй. Нэгэнт ачаа үүрнэ гэсэн бол ачаагаа үүрсэн шиг үүрэх учиртай. Гэтэл АН-ынхан ингэж чадахгүй байгаа учраас манай бүлгийнхний зүгээс зарчмын шаардлага тавьсан. Та бүхэн бас хэвлэл мэдээллээс харсан байх. Өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн чуулган дээр ч гэсэн АН-аас маш цөөн гишүүж байж байгаад бид 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийг дагалдсан хуулийг МАН-ын бүлгийн гишүүд олонхиороо байж байгаад баталж өгсөн.

Гэхдээ бид дараагийн асуудлыг сайд нарыг байхад хэлэлцье гэсэн ч харамсалтай нь хэлээд байхад АН-ын сайд нар ирэхгүй байх жишээтэй. Ийм хариуцлагагүй байдлаар асуудалд хандаж болохгүй гэдэг үүднээс бид хурлыг орхисон. Гэхдээ бид эргэж орж ирээд хуралдаа суусан. Мөн бидний тавьсан шаардлагын дагуу АН-ын 12-13 гишүүн хуралдаа суусан л даа.

Тодорхой хэмжээгээр АН-ын гишүүдийн ирц нэмэгдсэн учраас бид хуралдаандаа оролцсон. Бусдаар бол Н.Алтанхуяг гишүүний хэлээд байгаа шиг бид хуриманд явах гээд хуралдаанаа орхиод байгаа зүйл байхгүй. Өөрсдөө хурим найранд явчихаад бидэн рүү бухаж, мушгин гуйвуулж болохгүй шүү дээ.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>