|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 06:20
1-12-2017, 11:10

Э.Бат-Үүл даргыг хогны уут, хотын татвар хоёр хөлдөө чирэх үү

Сонгууль дөхсөн болоод ч тэр үү улс төрийн ертөнц ойрын өдрүүдээс нэлээдгүй бужигнаантай болоод явчихлаа. Иргэд болон улстөрчид Өршөөлийн хуульд анхаарлаа хандуулж байх зуур нийслэлийн ИТХ-ынхан ч гэсэн бужигнаж эхлэв.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барьсан. Тэд Э.Бат-Үүлийг "Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, "2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг "Агаар цэвэр”, "Амины сууцтай”, "Ажилтай орлоготой”, "Аюулгүй амгалан”, "Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн хотын төсвийг зүй зохисгүй зарцуулсан хэмээн сөрөг хүчин нь хотын даргадаа "мад" тавьсан. Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Чингис”, "Самурай” бонд, "Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байна" гэж НИТХ дахь сөрөг хүчин онцолж байсан юм. Тэд хотын даргыг 360 гаруй тэрбум төгрөгийн үр ашигггүй зардал гаргасан гэж үзсэн юм. Нийслэлийн төсвийн орлого яагаад ингэж огцом нэмэгдэв гэдэг асуудал анхаарал татна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн бүтэц, орон тоо эрс нэмэгдсэн. Хэрэглээний зардал ч бас нэмэгдсэн зэрэг нь нийслэлийн төсвийг томрох үндсэн шалтгаан болов. Мөн нийслэлийн иргэдийг торгох явдал хэрээс хэтэрсэн. Түүнээс орох орлого эрс өссөн. Одоо бас иргэдээсээ жил бүр 13 тэрбум төгрөгийг шинэ татвар авахаар болж байна. Ерөнхийдөө өнгөрсөн гурван жилд нийслэлийн төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулж, үүнийхээ хэрээр төсөв тэлсэн гэж судлаачид үзэж байгаа.

Үүнээс гадна хотын даргыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт өөрийн хүүгийн "Грандлайн" компанийг шалгаруулж батламжилж, ёс зүйн хариуцлага алдсан гэж үзэж байгаа. Хэрэв энэ үнэн бол ашиг сонирхолын томоохон зөрчил юм.

Гэвч огцруулах саналыг ИТХ-ын тэргүүлэгчид хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь хотын даргыг огцруулах асуудлыг хуулийн дагуу НИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь дэмжиж гарын үсэг зурсан бол хэлэлцдэг юм байна. Төлөөлөгчдийн гуравны нэг гэдэг нь 15 гишүүн гэсэн үг.  Гэтэл өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан албан бичигт 12 хүн гарын үсэг зурсан. НИТХ дэх МАН-ын бүлэг нийт 14 гишүүнтэй. Хэрвээ гишүүдийн тоо 15 хүрч огцруулах асуудлыг хэлэлцсэн ч эрх баригчид олонхиороо авч үлдэх магадлалтай.

Ингээд нийтийн тээвэр, даншиг наадам, хогний ногоон уут, рейлбус, иргэдийн төлөөлөгчдийн урамшуулал, хотын татвар зэрэг асуудлуудаас болж иргэдийн шүүмжлэлийг нэлээдгүй хүртээд буй хотын даргын огцрох эсэх нь асуултын тэмдэг  хэвээр үлдлээ. Ямартаа ч эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналд 15 төлөөлөгч гарын үсэг зурахаар болжээ. Харин огцруулж чадах уу, үгүй юу.

Г.Ган

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.