Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар “дүүтэй” болжээ http://www.fact.mn/242893.html

1338

"Увс нуур” дэвжээний бөхчүүд Хууль зүйн сайд Д.Дорлигжавт монгол бөхийн зодог шуудаг, малгайн хамт бэлэглэжээ. Д.Дорлигжав сайд тэрхүү бэлэгний өмсгөлтэй зурагаа "нүүр ном”-доо тавьсан байна. Монгол  л хүн юм болохоор бөхийн зодог шуудаг сайдад зохисон гэж жигтэйхэн. Харин малгай нь жаахан "томдсон” харагдана лээ. Өөрөөр хэлбэл, сайдын малгайн залааны тэмдэглэгээ нь улсад 10 түрүүлсэн Х.Баянмөнх аваргынхаас ч сүртэй юм. Үүнийг хэлэхийн тулд нэгэн түүх сөхөх хэрэгтэй.

1990-ээд онд  үндэсний бөхийн хүндэтгэлийн малгайтай болох санал гарч, МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар малгайн загвар гаргах ажлыг Б.Довчинсамбуу гуайд даалгаж байж. Дараа нь улсын начин Д.Сэрээтэр, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нар бөхчүүдийн жанжин малгайны хэлбэрийг урлагийнхнаас өөр болгох малгайн залаан дээр улсын наадамд шөвгөрсөн амжилтыг нь шар туузаар ялган бичих, малгайн цохон талд цолны ялгах тэмдгийг торгон утсаар хатгамалдан үйлдэх, энэ тэмдгийг цалин цагаан мөнгөөр хийх гэх мэт саналыг гаргаж хэрэгжүүлжээ. Ингээд аваргын малгайн залаа нь улаан өнгөтэй хос залаа байх бөгөөд урт нь 70 см, үзүүр талаараа 8 см өргөн, уг хэсгээрээ 4 см өргөнтэй байна. Өнгөн талын залаан дээр 2.5 см-ын өргөнтэй шар туузыг түрүүлсний тоогоор үзүүрээс нь 0.,5 см зай үлдээж оёх бөгөөд хоорондын зай нь 0.5 см зайтай байна. Энэ туузны тоо нь далай аваргынхад 2-3, даян аваргынхад 3-4, дархан аваргынхад 4-5 байна. Цаашид улсын баяр наадамд түрүүлсний тоогоор нэмэгдэх ба хоёр дахь залаан дээр бага, дунд, их шөвөг, үзүүрт үлдсэн амжилтыг хооронд нь 0.5 см зайтайгаар нэг см, 1.5см, хоёр см-ын өргөнтэй туузуудыг үзүүрээс нь 0.5 см зайтай оёсон байна. Залаанд өөр чимэглэл хийхгүй гэж тогтжээ.

Түүнчлэн арслан, гарьд, заан, харцага, начин цолтнуудынх өөр өөр тэмдэглэгээтэй байх болжээ.

Энэ дүрмээр Д.Дорлигжав сайдын малгайг "уншвал” улсын наадамд дөрвөн удаа түрүүлсэн байна. Ингэхээр дархан аварга болж байгаа юм. Мөн улсын наадамд 17-18 удаа голдуу их шөвөгт үлдэж байсан байна.

 Өдгөө энэ хэрийн залаатай Б.Бат-Эрдэнэ аваргаар магнайлуулсан хэдэн сайхан аварга бий.Хамгийн отгон нь дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр. Дашрамд хэлэхэд, энэ хоёр аварга хэн нь түрүүлж "төрсөн” бэ гэдгээ өнөө хэр нь тогтоож амжаагүй байгаа. Наадмын өмнө эрэмбэ булаалддаг явдал хоёр жил дараалсан. Тэгвэл тэд дороо "дүүтэй” болжээ. Д.Дорлигжав сайд отгон дархан аваргаар тодорсноо ийн "нүүр ном”-оороо зарласан байна шүү.

Б.ОЧИР

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>