"Ташуураар хамгаалсан тусгаар тогтнолоо тархиараа хамгаалах цаг болжээ"

312

-Монгол түмний их хүү Х.Чойбалсан "Хамгаас эрхэм тусгаар тогтнолыг эрхэмлэн явтугай хэмээн та бүхэнд үлдээлээ" хэмээн гэрээсэлжээ.

-1945 оны 10 сарын 20-ны өдөр. 60 жилийн өмнө энэ өдөр монголын ард түмэн бид: "МОНГОЛ БОЛ БҮРЭН ЭРХТ ТУСГААР ТОГТНОСОН УЛС МӨН БИЛЭЭ" хэмээн дэлхий даяар, ялангуяа урд зүгт улам тод чангаар тунхаглан зарласан өдөр байна.

-Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, мөлхөх чадалгүй нь тэмээнд ачуулж, хэдэн өдөрчийн газраас зорьж зүтгэж, баяр хөөртэй, бахархал дүүрэн тусгаар тогтнолын санал асуулгад гарын үсгээ зурсан өдөр байна. Бичиг мэддэггүйчүүд нь хурууныхаа хээгээр баталгаажуулсан өдөр байна. 

-Монголчууд 100 хувь санал асуулгад оролцож, мөн тэр хувиар бид тусгаар тогтносон улс байна хэмээн саналаа өгсөн өдөр байна.

-Манжид толгой гудайн дагаар орсон цагаас хойш 200 гаруй жилийн дараа сая нэг бид чинь хэнээс ч хамааралгүй улс юм шүү гэдгээ мэдэрсэн өдөр байна. 

-Ингэхэд Тусгаар тогтнолын санал асуулгын дүн бол нэг талаас тусгаар тогтнолоо хамгаалсан монгол хүн бүрийн хүсэл зоригийн илэрхийлэл ч нөгөө талаас хүч түрэмгий улс орнууд биднийг "Та нар тусгаар байж чадах уу?" хэмээн асуусан дээрэнгүй доромж асуулт байсан, харин бид "Чадна аа" гэж хэнэг ч үгүй хэлж чадсан өдөр байна. 

-Ингэхэд улс оронд хамгийн эрхэм, юу юунаас ч эрхэм, бүхнээс эрхэм дээд зүйл бол тусгаар тогтнол юм. Чухам тийм учраас л энэ Тусгаар тогтнол-ын төлөө үеийн үед эрэлхэг баатрууд нь амиа өргөж, эрдэм чадалтнууд нь ухаан бодлоо шатааж, эх үрс нь элгээ эмтлэн түгшиж ирсэн. Чухам Тусгаар тогтнолын төлөө л мянга мянгаараа цусаа урсган өчүүхэн ч эргэлзэх юмгүй үхлийн сумны өмнөөс өндийн босдог байж. Энэ эрхэм нандин Тусгаар Тогтнол гэдэг зүйл үгүй бол алдар цуу, алт мөнгө, тэр ч бүү хэл ардчилал ч юу ч биш, хэнд ч өчүүхэн ч хэрэггүй хог новш юм. 

-Их найрагч К.Кулаев 
....Эрслэх тулаанд хоёр хөлөө тасар татуулсан ч
Эх орноо би хамгаалж чадсан юм. 
Эгэл амьдралын минь бахархал энэ учраас 
Эх нутгийнхаа шороон дээр би хэвтэж байна.
Харин би хоёр хөлтэйгээ үлдээд
Харь дайсанд эх орноо алдсан бол 
Хаана тэр хөлөөрөө гишгэж явах юм бэ? хэмээн шүлэглэж байв.

-Эртний дорнын яруу найрагт "Наран ургах зүгт эх орон минь бий гэж Насад мөнхөд залбирч явлаа" гэж бий...

-Ямар ч гайхамшигтай түүх байгаад хэрвээ тусгаар тогтгол л үгүй бол тэр түүх гайхамшигтай түүх биш болно. 

-Өнөөдөр галт бөмбөг исгэрүүлсээр гамшигт дайсан довтлон ирж, тусгаар улсын минь голомтийг тулбируулан ганхуулах нь бага ч зоос мөнгө шажигнуулсан, золбин ардчилал тунхагласан, зоргоор анархизм ханхлуулсан, ханаж цадахгүй шуналтай харь хөндий сэтгэлтнүүдийн харьжсан бодлогын гайгаар хамаг сайхан газар нутгаа хайран болтол алдаж, өвгөдийн үлдээсэн үүц, баялгаа үнэ цэнэгүйгээр "бэлэглэж", өр зээлээ арвижуулж, өөр хоорондоо толхилцсоор нэг л мэдэхэд үе үеийн өвгөд дээдсийн цусаараа гагнасан тусгаар тогтнол маань туйван ганхах вий хэмээн сэтгэл түгшинэ. 

-Өнөөдөр нэг л мэдэхэд монгол хүн бүр, секундын өмнө төрсөн нялзрайгаасаа эхлээд 100 настай буурлаа хүртэл хүн бүр нь 17 сая төгрөгийн өртэй болчихож...

-Өнөөдөр нэг л мэдэхэд монголчууд бид нэг нэгнээ огтхон ч хүлээн зөвшөөрөх оюуны бядгүй, сэтгэлийн хат үгүй мухар сохор улс төрийн талцал, хэрүүл, намуудад хуваагдчихаж... 

-Өнөөдөр нэг л мэдэхэд хүүхэд залуусын маань тодорхой хэсэг нь харьжсан сэтгэлгээтэй, харийн соёлыг бахархан дуурайдаг болчихож...

-Өнөөдөр нэг л мэдэхэд Оюу Толгой, Таван толгой, Цагаан суварга гэх мэт улс үндэсний ЭЗ-ийн аюулгүй байдалтай шууд холбоотой томоохон ордуудын маань ЭЗЭД хэн бэ гэдэг нь их эргэлзээтэй болчихож...

-Өнөөдөр нэг л мэдэхэд Дэлхийн банкны зөвшөөрөлгүйгээр шийд гаргаж чаддаггүй, Ардчиллын хүрээлэнгийн зөвлөгөөгүйгээр хаашаа явахаа мэддэггүй удирдагчидтай болчихож...
-Өнөөдөр нэг л мэдэхэд бид өргөн хэрэглээнийхээ барааны 86 хувийг хятадаас, бензин шатахууныхаа 99 хувийг оросоос авч, улс орны маань эдийн засгийн хувь заяа урд ганцхан боомтоос, эсвэл ард байх ганцхан крантнаас шууд хамааралтай болчихож...

-Өнөөдөр нэг л мэдэхэд хэдхээн тонн алтны төлөө их дээдсийн ихэс онгод шүтээнтэй тахилгат их уулс руугаа харийнхантай хамжин дайрдаг Төр засагтай болчихож...
-Өнөөдөр нэг л мэдэхэд Азид байхгүй уудам их Дорнодын тал нутгаас харийнхны эзэмшилд өм цөм өгөхөөр нүд нь гялалзаад, шүлс нь цувираад гүйдэг дарга, түшмэдтэй болчихож...
-Өнөөдөр нэг л мэдэхэд 10-хан кг гурилийн үнээр улс орныхоо хувь заяаг атгуулах хариуцлагатай сонголтоо худалдчих хэмжээнд хүртлээ туйлдан ядуурсан сонгогчидтой болчихож...

ЧУХАМ ТИЙМ УЧРААС л Монгол түмний их хүү Л.Түдэв "Ташуураар хамгаалсан тусгаар тогтнолоо тархиараа хамгаалах цаг болжээ" хэмээн хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.