ШӨХТГ-ын шуугиан тарьсан мэдэгдлүүдийн дараа...

731

 

Иргэний хөдөлгөөний О.Магнайн мандуулсан газар бол ШӨХТГ. Энэ газар тэртээ 2004 онд Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэй анх байгуулагдаж байв. Гэсэн ч байгаа үгүй нь мэдэгдэхгүй явсаар 2012 оны намраас "амь орж” эхэлсэн. Чухамдаа О.Магнайг энэ газрын даргаар томилсон нь нүдээ олсон хэрэг байсан юм. Түүнийг даргалах хугацаанд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн асуудлууд сөхөгдөж, ШӨХТГ өөрийн үүрэг ролийг мэдэрч эхэлсэн. Хүмүүс ч хэрэглээтэй холбоотой болохгүй, бүтэхгүйгээ дуулгах газартайгаа мэдэж, олон ч асуудлыг ил болгосон доо. Шийдсэн нь ч нэлээд бий.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр МАН за­сагт хамтрахад О.Магнай ажлаа өгч, оронд нь МАН-ын Шинэчлэлийн хорооны ерөнхий зохицуулагч Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар томилогдов. Т.Аюурсайхан бол МАН-даа л иргэний хөдөлгөөний тэргүүн. Бас намын даргын сонгуульд нэр дэвшээд үзчихсэн. Тухайн үед түүнийг энэ газрын даргаар ирэхэд "амаа үдүүлчихлээ дээ” гэх хүн олон байсан. Гэхдээ энд түүний улс төрийн карьер, намч үйлдлийн тухай ярих гэсэнгүй.

Нэр хүнд, үйл ажиллагаа нь "мандан бадарчихсан” ажлыг үргэлжлүүлнэ гэдэг маш хүнд даваа. Өмнөх хүнтэй нь заавал харьцуулагдаж байдаг юм. Т.Аюурсайханыг ч энэ "уламжлал” тойрохгүй нь тодорхой. Гэхдээ тэр ШӨХТГ-ын эрч хүчийг алдуулахгүйн төлөө ажилласан. Байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, иргэдийн гомдлын мөрөөр шалгаж, зарим албан тушаалтныг шүүхэд өгч ажилласан. Гэвч үр дүн хэр зэрэг гарав гэдгийг асуух хэрэгтэй болж байгаа юм. Олны ярих нь хий дэмий "шуураад” л байдаг. Яг юу шийдүүлэв гэвэл хэцүү дээ гэж байна.

Т.Аюурсайхан ШӨХТГ-ын дарга болсноосоо хойш сөхөж тавьсан, шийдүүлэхээр заргалдсан, энэ талаараа хийсэн мэдэгдэл мэдээл­лүүдийг энэ газрын албан ёсны сайтаас авсан мэдээллээс үзье.

Тэрээр 2015 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар томилогджээ. Дарга болсныхоо дараахан нэгдүгээр сарын 22-нд сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийсэн. Тэгэхдээ "...Сүүлийн үед иргэдээс маш ихээр гомдол дагуулах болсон шатахууны үнэ, эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн асуудал дээр ажлын хэсэг гарган ажилуулж байгаа. Ойрын хугацаанд шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна. Мөн Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд улсаас татаас авсан компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж татаасын зарцуулалт хуульд нийцэж буй эсэх, барилгын метр квадратын зөрүүг арилгаж иргэдийг хохиролгүй болгох, банкуудын нэг хувийн шимтгэлийн асуудлыг ч нэг мөр болгож үр дүнд хүргэж ажиллана” гэж ярьсан. Мөн "...Иргэд, олон нийтийн эрхийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг шударгаар өрсөлдөх боломжийг хангахын тулд байгаа орон тоо, бүтцийнхээ хүрээнд хурдан шуурхай ажиллаж иргэдэд тухай бүр мэдээ мэдээллийг хүргэж ажиллана” гэж байв. Гэсэн ч Т.Аюурсайхан анхны тушаалаараа ШӨХТГ-ын 15 хүнийг халсан гэдэг.

Т.Аюурсайханы үед хийсэн хяналт шалгалт, гомдол саналыг шийдсэн байдлыг харвал,

2015 оны хоёрдугаар сарын 2. Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийг тогтоосон нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулжээ. Мөн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмснийг хянан шалгах ажлын хэсэг байгуулснаа мэдээлэв.

Хоёрдугаар сарын 6. Арилжааны банкуудын Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр болон "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд олгогдсон зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын бусад эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгогдсон бусад зээлийн зориулалт, зарцуулалт, эргэн төлөлт, мөн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа, тэтгэвэр, цалингийн зээлийн үйл ажиллагааг шалгаж байна. Энэ талаар тун удахгүй ил тодоор мэдээлнэ.

Гуравдугаар сарын 25. Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын шийдвэр нь хууль тогтоомжуудыг зөрчсөн.

Тиймээс зөрчил гарга­сан албан тушаалтнуудад Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу за­хир­гааны шийтгэл ног­дуулахаар шийдвэрлэв гэжээ.

Дөрөвдүгээр сарын 2. НИТХ болон Нийслэлийн Засаг даргын шийдвэр, захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж, иргэдэд учруулсан хохирлыг буцаан олгуулах шийдвэр гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргав.

Дөрөвдүгээр сарын 9. ШӨХТГ-аас "...Банкнууд зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг нэгт давхардуулж авдаг, хоёрт шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцож авдаг, гуравт эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргасан. Монголын банкны холбооноос анхан болон давж заалдах шатны шүүхээс албан ёсны шийдвэр гарсан байхад арилжааны банкнуудын хууль бус үйлдлийг хамгаалан ШӨХТГ-ын хууль ёсны шийдвэрийг үгүйсгэсэн мэдэгдлийг хийсээр байгаа нь уг хэргийг хянан хэлэлцэж хяналтын шатны шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл гэж ШӨХТГ-аас үзэж байна” гэсэн мэдэгдлийг гаргав.

Тавдугаар сарын 27. Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нь "Хаан даатгал” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан, орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч, "Хаан даатгал” ХХК-д шилжүүлж байсан. Тус хууль бус гэрээний улмаас 90419 өрхөөс 2015 оны байдлаар 44854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй, 269.1 сая төгрөгийн хууль бус орлого олж, хэрэглэгчдэд хохирол учруулсан.         

 Иймд шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт материалыг АТГ болон ЦЕГ-ын ЭЦГ-т шилжүүлэн шалгуулахаар болжээ.

Зургадугаар сарын 10. Нийслэлийн гэр хо­рооллын иргэдээс ирсэн гомдлыг барагдуулах зорилгоор гэр хорооллын цахилгаан төлбөр, дахин төлөвлөлт, хог хаягдлын менежментийн асуудлаар хяналт шалгалтын гурван ажлын хэсэг байгуулж ажилд нь оруулав.

Зургадугаар сарын 22. Барьцаалан зээлдүүлэх ихэнх газрууд нь 7-30 хоногийн хугацаанд 3.5-10 хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-аас дээш хувиар алданги, торгууль тооцож байгаа нь хууль зөрчсөн. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа хууль зөрчиж хэрэглэгчдийг хохироодог байна.

Зургадугаар сарын 22. СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий нийслэл, дүүргийн ЗДТГ-аас чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүй. Мөн түүнчлэн СӨХ-ны үйл ажиллагаанд холбогдох хууль эрх зүйн орчин өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцээгүй, хангалтгүй, тохиромжгүй, дутмаг зэрэг байдлаас үүдэлтэйгээр сууц өмчлөгчид өөрийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах боломж хязгаарлагдмал байна.

 Наймдугаар сарын 17. ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогдлоо.

Наймдугаар сарын 27. Сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох тал дээр ерөнхий боловсролын сургуулиудын удирдла­гуудад мэдэгдэл хүргүүлж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх аравдугаар сард хийхээр боллоо.

ШӨХТГ-ын хийсэн ажлын мэдээлэл энэ. Харин эдгээр дээр ямар шийдэлд эцэслэн хүрэв гэдэг асуулт гарч ирнэ. Гэвч өнөөдөр гудамж, талбайд тавьсан машиныг ачиж л байна. Банкууд зээлийн шимтгэлээ авч л байгаа. Бас СӨХ-д орон сууцны сайн дурын даатгалыг "хүчээр” авсаар байна.  Бид энэ талаар тус газраас тодруулсан юм. Бидний асуултад "Яг хэдэн хяналт, шалгалт хийж, хэрхэн шийдүүлсэн талаар одоогоор хэлэх бо­ломжгүй. Харин шалгалт бүрийн дараа тухайн бай­гууллага, аж ахуйн  нэгжид заавал албан шаардлага хүргүүлдэг. Зөрч­лөө арилгахгүй бол торгодог” гэсэн хариултыг өглөө.

Б.Дамдиночир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>