1445838958562dc06e46e01 

Ардын намынхан "Бид хамтдаа” уриан дор 800 гаруй төлөөлөгч оролцсон томоохон хэлэлцүүлгийг төрийн ордонд хэдэн өдөр дамнуулан хийж, эрх баригч намаас бусад парламентад суудалтай намуудыг урьж авчраад хөгжлийн "Туг бодлого” гээчийг зарлан ирэх сонгуулиар АН-ын "нусыг суга алгадахаар” эрмэлзэж байна.

Тэд ирэх сонгуульд ялна гэдэг зорилгоо ажил хэрэг болгохын тулд УИХ, Засгийн газар нийслэл, орон нутагт гээд өргөн фронтоор улсжтөржилт явуулж байна. Өргөн хэмжээний форум зарлаж, телевизийн дэлгэцээр ч дараагийн сонголтоо зөв хийхийг уриалсан сурталчилгаа ил цагаан цацаад эхэллээ.

Төрийн ордонд хийж байгаа форумд МАН-ын дарга нарын хэлж байгаа үгэнд "улс орон сүйрлээ, мөхлөө, ангалын ирмэгт ирлээ” гэсэн үгс давамгайлж байгааг эх сурвалжаас сонслоо.

Харин үүнтэй зэрэгцэн эрх баригчид төсвийн орлого тасраад байгаа энэ цаг үед төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл, төрийн албан хаагчдын халаа сэлгээ, Чингис, Самурай бондын зарцуулалтын асуудал, Өршөөлийн хууль гээд юун сонгууль манатай сууцгаана.

Бас л сонин дүр зураг. Уг нь бол Ардчилсан намынхан аль хэдийнэ улс орон даяарыг хамарсан сонгуулийн өмнөтгөл ажилдаа ороод явчихсан, ийм ч зүйл хийсэн, тийм ч ажил бүтээлээ гээд дарга цэрэггүй хэвлэлээр гялалзаж байх цаг. Гэтэл цаг үе тэдэнд ийм боломж олгосонгүй.

Тавантолгой гацаанд орсон, яаж тохиролцох вэ? Оюутолгойг Дубайд зурагдсан гэрээтэй нь яаж хөдөлгөх вэ? Хөрөнгө оруулалт яаж нэмэгдүүлэх вэ, бүсээ яаж чангалах вэ зэрэг асуудлууд эрх баригчдын толгойн өвчин болж байна.

Гадаад харилцаа ч ярвигтай байна, олон улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын далайц хумигдаж байгаа үед сандал суудлын хэрүүл хийж суух цаг мөн үү гэдгийг АН-ынхан хаа хаанаа л бодож байгаа нь лавтай.

Эдгээр асуудлыг эвтэйхэн шийдэж, эв түнжингээ сахиж эс чадвал "нусаа суга алгадуулах” гэж сонгуульд ороод ч хэрэггүй гэдгийг гадарлахтайгаа хүмүүс энэ намыг удирдаж байгаа гэдэгт АН-ын жирийн гишүүд найдаж байгаа бизээ.