“Үүл баатар”-аа үнэг чонын үлгэр шиг та аахилж, иргэд үүрсээр байх уу?

863
 
Баатар цолтой, "Үүл” даргаа цас орсон биш өөрийн эрүүл мэнд болоод эд хөрөнгөө хайрлан гамнахын тулд гэрээсээ хамраа ч цухуйлгалгүй өнжчихмөөр санагдаад байна шүү, сүүлийн үед.
 
Харамсалтай нь тийн өнжлөө гээд тань шиг хурааж цуглуулсан эд хөрөнгө, элбэг дэлбэг байдалгүй учраас иргэд өөр, өөрсдийн ажил, хичээлдээ унаатай нь "мөлхөж”, унаагүй нь тэшиж явсаар өдрийг барж байна. Та яах вэ, гэр, ажлынхаа үүдэнд албаны унаагаа сойж байгаад үсэрч бууж, суугаад учраа олчихдог юм байж. 
 
Нийслэлийн төсвөө өөд нь татах гээд сэдсэн, нэхээд байгаа татварыг чинь бүрдүүлдэг ард олон харин хоёр өдөр их л зутруухан өнжлөө. Амралтын өдрүүдэд орсон энэ оны сүүлчийн гэж хэлж болохоор бороо, түүнийг дагаж уйлагнан унасан цас нийлээд зам, гудамж талбайг бүрхэн замбараагүй байдал үүсгэх дөхсөнийг эрхэм та бодвол өндөр хар байшингийнхаа цонхны цаанаас харж амжаагүй л байлгүй. Дээрээс харахад бид дэндүү жижиг болохоор. 
 
Уг нь таны тэргүүлж буй Улаанбаатар хотод НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан байдаг юм билээ. Түүндээ байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэхээр заасан байдаг. 
 
Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэй гэсэн үг. Журмын дагуу аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж, тухайн орчноо тохижуулж, цэвэрлэх ёстой бөгөөд 50 метр хүртэлх цас мөсийг арилгахгүй бол газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг. 
 
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Засаг дарга нар болон Иргэдийн хурал цас орсон даруйд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мөсийг арилгахыг шаардах үүрэгтэй аж.
 
Хэрвээ биелүүлэлгүй албан тушаалтан, хуулийн этгээдүүд зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд хариуцлага хүлээж, учирсан хохирлыг нөхөн төлнө.
 
Тухайн зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус заасан байдаг. 
 
Гэтэл амралтын өдөр орсон нойтон, цас борооны улмаас хальтиргаа, гулгаа ихээр үүсч, зам тээврийн осол нэмэгдсэн. Үүний улмаас нийслэлийн Замын цагдаагийн газарт зөвхөн хальтиргаа гулгаанаас үүдэлтэй 25-26-ны өдөр 449 дуудлага бүртгэгджээ. 
 
Бүртгэгдсэн ослуудын ихэнх нь хотын захын хорооллуудад гарчээ. Тухайлбал Согинохайрхан дүүргийн Баянхошууны өгсүүр замд ням гарагийн 19 цагийн орчимд хальтиргаа, гулгаа ихээр үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Иймээс тус дүүргийн замын цагдаагийн байцаагч "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" үйлдвэрлэлийн газраас тусламж хүсч, дуудлага өгчээ.
 
Дуудлагын дагуу 20 цагийн үед "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ийн машин очиж, тус замд хоёр тонн цас, мөс хайлуулах бодис цацаад явжээ. Харамсалтай нь цацсан бодис хангалттай хэмжээнд замын мөсийг хайлуулаагүй учир дахин Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс тусламж хүсчээ. 
 
Энэ мэтчилэн таны эргэн тойрон буюу хотын төв замуудад хайлуулах бодис зэргээ цацсан ч захын, гэр хорооллын гудамжуудыг огт тоохгүй орхиж байгаа нь зүйд нийцнэ гэж үү. 
Түүнчлэн ГССҮТ-д 25-26-ны өдөр 392 осол гэмтэл бүртгэгдсэнээс 20-иод нь зөвхөн хальтиргаанаас болж бэртсэн гэнэ. Мэдээж үүнээс гадна зам тээврийн осол ч нэмэгдэнэ гээд бодохоор цөөнгүй хүний эрүүл мэндийг гаргуунд нь гаргаж байгаа юм биш үү. 
 
Явганаасаа бэртчихлээ гэхээр зарим хүн жуумагнаж шоолох аядах ч үнэндээ бол цас, мөсөө цэвэрлэчихдэггүй нийслэл, тэднээс зөвшөөрөл авсан байгууллагуудын буруугаас л болоод байгаа хэрэг. 
 
Нэгэнт журмандаа заасан бол түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол дарга нар нь баахан дүрмээр далайлгаад дунд нь иргэд ийнхүү хохирч үлдэх болоод байна. Явганаас болоод бэртчих вий гэсэн дээ иргэдийн хувьд тэмтчиж, гэтэхээс аргагүй байдалтайгаар хоёр өдрийг өнгөрөөлөө.
 
Харин орой хэрд бол хэлэх ч юм биш. Төвийн гудамжуудаар ч бол яая гэхсэн. Хүний хөлийн мөрөөр цас, мөс нь хайлаад зам татчихсан байсан. Өндөр, сүрлэг барилгуудын булан тохой, нар үздэггүй газар хийгээд хотын захын дүүргүүдэд бол амьдрал дэндүү бүрхэг байсныг нуух юун. 
 
"Үүл” баатар минь "үүлтэй” тэнцүүлэх шахсан өндөр байшиндаа суугаад үнэг адил аахилж байх зуурт чинь өнөө хэдэн иргэн чинь таньд хууртсан чоно шиг хамаг дүрэм, журмыг чинь үүрч, дүүрч явсаар гэмтлийн эмнэлэгт бүгдээрээ залрах нь шиг байна шүү. 
 
Ядаж байхад та болоод таны нөхөд чинь энэ өвөл 575 тонн хайлуулах бодис, 20 тонн давс нөөцөлсөн гэсэн шүү. Улс орны эдийн засаг муу байна гээд "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" хэмнэлт гаргаж, хайлуулах давс, бодисын нөөцөө өнгөрсөн жилийнхээс 125 тонноор багасгасан юм байх.
 
Түүнийхээ 61 тонныг нь зарцуулчихлаа. Үлдсэн хугацаанд үлдсэн хэсгийг нь мөн л таны явах хотын төв хэсгийн замаар цацаж гулгааг тань арилгах болж байна. Нийтийн өмчийн талбайгаа ядаж хотын төв, зах гэж ялгалгүй арчилж, анхаарал хандуулж байл даа, гуйя. 
 
Тэр хотын захад чинь нийслэлд данстай нэлээдгүй мянган иргэн амьдарч бас ажилладаг юм. Ядахдаа та нийслэл хотоо тэлж байна гээд захын дүүргүүдээ гадагш нь түрж байгаа биз дээ. Тийм атал иргэдээ ингэж алагчилж болохгүй биз дээ. 
 
Эрүүл орчноо байг гэхэд аюулгүй газар амьдармаар байна шүү дээ, Монгол Улсын Үндсэн хуулийнхаа дагуу. 
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>