Цорж Санжжавын багш “Өвгөн гэсэр лам”-ын занданшуулсан шарил алга болсон юм биш биз

Тэгвэл энэхүү занданшуулсан шарилыг саяхан олонд ил болгож, Ганданд тавьж үзүүлсэн. Сүсэгтэн олон олноороо дугаарлаж, мөргөсөн юм даг. Гандан ёстой л хөлөнд дарагдсан.
Тэгвэл Ганданд олонд үзүүлсний дараа Цахир суманд нь залсан. Энэ сарын 24, 25-нд Цахир сумандаа өдөржин нутгийн иргэдэд үзүүлж, мөргүүлсэн юм билээ. Харин энэ үйл явдалтай зэрэгцээд нэгэн таагүй мэдээлэл гарсан нь Цорж Санжжавын багш болон "Өвгөн гэсэр лам” хэмээх Цэвээнраашийн Чүлтэмжамц ламын занданшуулсан шарил алга болсон тухай байлаа. Нутгийн иргэд Өвгөн ламын шарил алга болсон талаар нэлээд бухимдангуй ярьж байгаа сурагтай. Уг нь Цорж Санжжав ламын занданшуулсан шарилыг нутагт нь залах үеэр багшийнх нь шарилыг ч мөн ил гаргаж, нутгийн олонд үзүүлнэ гэж байсан. Гэвч үзүүлээгүй юм билээ. Харин ганцхан хүнээр шарил байгаа эсэхийг үзүүлж, гэрч болгоод л орхиж.
Ер нь занданшуулсан шарил Архангай аймгийн Цахир сумын нутгаас хулгайд алдагдаж, Улаанбаатарт ирснийг мэдсэн цагаас хойш Өвгөн ламын шарилыг хамгаалалтад авлаа гэж байсан. Гэтэл нутгийн иргэдийн хэлж байгаагаар бол ямар ч хамгаалалтгүй байсаар иржээ. Дээрээс нь Бурханч лам Г.Пүрэвбат тэргүүтэй лам хуврагууд Цахир суманд очих гэсэн боловч занданшуулсан шарилуудыг хавар гаргаж, ойр хавийг нь засч янзална гэх маягтай хариулт өгөөд, болиулсан сураг ч гарсан. Тэгэхээр нутгийн иргэдийн хэлээд байгаа үнэн ч байж болох.
Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Р.Гончигдорж тэргүүтэй албаны хүмүүс Цорж Санжжавын занданшуулсан шарилыг Цахир суманд залахад очсон юм билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодруулсан. Өвгөн ламын занданшуулсан шарил байгаа эсэхийг шүү дээ. Тэгэхэд байгаа л гэж байна билээ. Мөн Цахим сумын ИТХД Болд-Эрдэнэтэй утсаар холбогдож асуухад "Өвгөн ламын шарил байгаа. Хавраас дулаарахаар тэр хавийг нь тохижуулж, засч янзална” хэмээн хэлсэн юм. Ингээд бодохоор шарил алга болоогүй ч юм шиг.
Гэхдээ нутгийн ардын үгийг ч бас худлаа гэж хэлж болохооргүй байна. Ямар ч байсан нэг иймэрхүү яриа гараад байгааг албаны хүмүүс анхаарахад илүүдэхгүй байх гэсэндээ хүргэж байна. Өвгөн ламын шарил байгааг батлах ганц арга бол гэрэл зургийг нь л түгээх явдал юм л даа, уг нь.
Н.Болд