Өршөөлийн хууль эцэслэн батлагдаж, дэд сайдын охин хар тамхины хэрэгт холбогдсон долоо хоног

840

Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн гол нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан өршөөлийн хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагдав. Ингэхдээ авлигын хэргүүдийг өршөөхөөргүй болсон юм. Тодруулбал, "Хууль бусаар хөрөнгөжих”, "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж завших”, "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” зэрэг гэмт хэргийг өршөөхгүй байхаар шийдвэрлэв. Харин "Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулж, уучлал үзүүлэхээр болсон билээ.

Өршөөлийн хууль хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр уг өршөөлийн хуульд УИХ-ын 76 гишүүнийг хамруулахгүй байх санал гаргасан ч уг санал нь дэмжигдээгүй юм.

Ингэснээр хөнгөн болон хүндэвтэр хэрэг үйлдсэн, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн хүмүүс, жирэмсэн  болон  18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөлийн хуульд  хамрагдах болов. Суллагдах ялтны жагсаалтыг Хуульзүйн яамнаас гарсан ажлын хэсэг ялтан нэг бүрийн хавтаст хэрэгтэй танилцаж, судалсны эцэст шийдэх юм байна.

Цалин хасахгүй байх нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ, Засгийн газрын гишүүд, зэрэг төрийн өндөр албан тушаалтан, улсын дээд шүүхийн шүүгч, аймаг, сум, баг, хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн цалинг хасахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Монгол улсын 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, санал хураахад гишүүдийн ихэнх нь цалин хасахыг дэмжээгүй юм.

Тодруулбал, Улс төрийн албан хаагчид, сум, баг, хорооны засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн цалинг 30 хувиар бууруулахыг саналыг болиулж 1.599 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах асуудалд санал хураасан. Өөрөөр хэлбэл төрийн өндөр тушаалтнаас бусад хүмүүсийн цалинг хасахгүй саналд гишүүдийн саналыг хураахад  нийт 81.7 хувийн саналаар дэмжив. Мөн төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах санал дэмжигдээгүй билээ.

С.Баярцогтыг хойшлуулах асуудлыг хойшлуулав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг огцруулах санал гаргаад байсан. Тэгвэл уг саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн дээд суудлын хуралдаанаар маргааныг эцэслэтэл С.Баярцогтыг сайдаас огцруулах саналыг хэлэлцэхгүй байхаар болсон юм.

Учир нь Үндсэн хуулийн Цэцээс гаргасан "УИХ-ын гишүүн нь сайдыг огцруулах санал гаргах эрхгүй” гэх шийдвэрийг УИХ-ын гишүүд хүлээн аваагүй. Тиймээс УИХ дунд суудлын хуралдааны дүгнэлтийг нь хүлээж аваагүй тул Цэцээс дахин долоогоос есөн гишүүний бүрэлдэхүүн бүхий Их суудлын хуралдаа хийж эцсийн шийдвэрийг гаргах юм.

Цагдаагийн гурван албан хаагч нэг хүний аминд хүрэв

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их шүүмжлүүлсэн хүн бол ЦЕГ-ын дарга Р.Чингис. Учир нь ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид 14 хоногийн дотор хоёр ч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарав. Тиймээс иргэдийн зүгээс ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шүүмжилж, өөрийн дураар ажлаа өгөх ёстой гэсэн юм.

Тодруулбал, ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албан хаагчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тиймээс тухайн гурван албан хаагчийг. хүний амь нас хөнөөсөн хэрэгт сэжиглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-т зааснаар бусдын амь насыг хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт холбогдов

ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг олны анхаарлыг ихээхэн татлаа. Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан байдаг. Тухайн үед ЦЕГ-аас "2015 оны 10 сарын 09 нөөс 10-нд шилжих шөнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г.М.Н.Б.А.С. М,Б,Т гэсэн нэр бүхий 9 этгээдийг СБД-ийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 5-р хороо , БГД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Улмаар тэдэнд ЭХТА-ийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр этгээдүүдийн дунд 20-22 насны 4 эмэгтэй байсан” гэх тайлбарыг өгч байв.

Харин уг дөрвөн охины нэг нь ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин байсан юм. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Г.Ган

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>