Бухтай тулалдагч Хулиан Лопес: Бухын тулааныг үгүйсгэх нь өв соёлоо үгүйсгэсэнтэй адил

846

Хулиан Лопес 14 насандаа л догшин бухнуудын эрлэг болж, матадоруудын ертөнцөд нэрээ цууриатуулсан юм. Бух наадуулах нь Испанийн, кастиль үндэстний салшгүй өв соёл билээ. Бухыг хэрхэн уран гоё хуурч эргэлдүүлж, picador буюу морьтой хатгагчид морины уран гоё явдал дунд сэрвээнд нь зоож, torero буюу бухтай тулалдагч яруу тансаг байрлал, хөдөлгөөн авч бухыг өдөн дуудаж байгаад урт мэсээ сэрвээнээс нь зүрхэнд тултал зоох зэрэг нь аймшигтай мэт боловч кастиль хүмүүсийн хайрлан дурладаг урлаг, соёл юм. Сайн бухтай тулалдагчийг хүсдэггүй бүсгүй, тойрдоггүй мөнгө гэж байдаггүй гэдэг. Хулиан Лопес 14 насандаа л тодорч бухын тулааны урлагт хувьсгал хийсэн юм. Сүүлийн үед Испанид бух, хүн хоёрын тулааныг буруутган, хаах, хориглох ёстой гэсэн дуу хоолой нэлээдгүй гарч байна. Энэ тухай болон бусад сэдвээр бухтай тулалдагч Хулиан Лопес (33 настай) ярьж байна.

Бухтай тулалдагч Хулиан Лопес: Бухын тулааныг үгүйсгэх нь өв соёлоо үгүйсгэсэнтэй адил
Бухтай тулалдагч Хулиан Лопес: Бухын тулааныг үгүйсгэх нь өв соёлоо үгүйсгэсэнтэй адил

-Бухтай тулалдах урлагийн манлайлагч байх хэцүү юу?

-Шаардлага мэдээж өндөр. Байнгын хөдөлмөр, бие бялдрын бэлтгэл хэрэгтэй. Эс бөгөөс бид хэдхэн хоромд амь насаа алдах эрсдэлтэй хүмүүс. Гэвч энэ гайхамшигтай урлаг руу дайрах, довтлох явдал их гарч байна.

-Хүчирхэг, улангассан бухыг буулгаж авахдаа зовж, шаналдаг уу?

-Буулгаж авах хүртлээ уурлаж, шатах тохиолдол их гардаг. Хэтэрхий удаан тулалдаж, төвлөрч чадахаа боливол уурлаж бухимдах тохиолдол бий. Дотоод сэтгэл, дотоод хүчээрээ тулалдах нь энэ урлагийн нэг чухал хэсэг л дээ.

-Урт мэсээ дүрж бухыг үхэтхийн унагахдаа юу боддог вэ?

-Тэр бухын амины төлөө харамсдаг уу гэж байгаа бол бухтай тулалдагч хүнээс ингэж асуугаад хэрэггүй. Мэдээж эцсийн дүрэлтээ хийгээд бухыг унагахдаа тореро хүний ялалт, таашаалыг л мэдэрдэг.

-Зарим тулалдагч тулааны талбар дээр нулимс унагаж байгаа нь харагддаг. Та тулааны талбар дээр нулимс унагаж байсан уу?

-Билбаод очихоор сэтгэл их хөдөлдөг. Испанийн хам­гийн алдартай бухын тулааны талбартаа биш, үзэгчид, баск бухын орж ирэлт, дүр төрх нь миний сэтгэлийг хөдөлгөдөг юм. Бухын чих огтлох нь намайг өдөөж, сэтгэл хөдөлгөдөггүй. (Ялсан бухтай тулалдагч үзэгч, шүүгч­дийн таашаалд нийц­вэл чихийг нь огтолж өгч шагнадаг)

-Мөнгө аль хэр чухал вэ?

-Мөнгөний төлөө тулааны талбарт гардаг тулалдагч байхгүй дээ. Мөнгөний төлөө бухтай тулалддаг бол урьсан залсан газар бүр очиж тулалдахсан. Би зөвхөн бухын тулааныг биширч, сайн тулалдагч болох мөрөөдлөөр л жигүүрлэж энд хүрсэн. Мэдээж мөнгө, нэр алдар дагаж ирсэн. Угаасаа Испанийн бухтай тулалдах урлаг нь эр зориг, авхаалж, хүч чадлын тулаан. Одоо ч энэ чанараа алдаагүй шүү.

-Зарим тулалдагч буханд мөргүүлж хүнд бэртэж, бүр амь насаа алдах нь ч байдаг. Энэ онд олон ч тулалдагч мөргүүлж гэмтлээ... ?

-Тийм ээ, санаа зовоохоор олон тохиолдол гарлаа. Миний сайн найз Анхель Перера, бас өөр хэд хэдэн тулалдагч хүнд гэмтэж, айдас төрүүлсэн шүү. Хэдхэн секундын дотор бүхнээ алдах аюултай байдаг. Энэ мэргэжлийнхээ төлөө хамаг бүхнээ алдаж болох ч осол, гэмтэл бүр бухын тулааныг улам агуу болгож байдаг юм.

-Та Испанийн улстөрчдөөс юу хүсмээр байна?

-Бухын тулааныг ялгавар­лаж, өөрсдийн зорилгодоо ашиглахаа боль. Бухын тулаан бол барууных ч, зүүнийх ч биш, ард түмнийх. Хүссэн хүн нь ирээд үзэж болох хууль ёсны урлаг. Хүндэлж, хайрлаж, хамгаалж байх өв соёл юм. Бухын тулааныг үгүйсгэх нь өөрсдийн өв соёлоо, өөрсдийгөө үгүйсгэж байгаатай ялгаагүй.

-Таныг алуурчин гэж нэрлэхэд ямар санагддаг вэ?

-Үнэнд нийцэхгүй доромжлол. Бухын тулааныг эсэргүүцдэг хүмүүстэй уулзаад тайлбарлаад ярихаар тэдний санаа бодол өөрчлөгддөг. Бухын тулааныг аллага гэж үздэг, олон нийтийг татах гэж ашигладаг хүмүүс нь их дуугарч, энэ урлагийг тайлбарлаж таниулах ажил нь жаахан хоцроод байна уу гэж бодох юм. Биднийг муулахдаа бодит байдлаас дэндүү хазайгаад явчихдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>