|
Видео

Шинэ мэдээ

27-05-2017, 18:21

Түрээслэгчдийг нохойгоор сүрдүүлж, нүүхийг шаардав

Автомашины худалдаа эрхлэг­чид ойрын өдрүүдэд " хилэн”-тэй байна. Шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын А980 тоот захирамжийн дагуу авто худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулдаг "Да хүрээ”, "Өгөөмөр”, "Даймонд”, "Монбэт”, "Дако”, "Смарт” зэрэг долоон томоохон захыг нүүлгэх шийдвэр гаргасантай холбоотой. Хотын автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашин борлуулагчдыг хотоос нүүлгэж Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны урд байрлах нэгдсэн цогцолбор худалдааны төвд нэгтгэх шийдвэр гарсан юм.

Энэ оноос эхэлсэн цогцолбор худалдааны төв түрээслэгчдээ хүлээн авахад бэлэн болсон хэмээн өнгөрсөн сарын эхээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, төр засгийн эрхмүүд тууз хайчилсан билээ. Гэтэл бүтэн сар болоход өнөөх цогцолборт автомашин худалдаа эрхлэгчид төвлөрөхгүй, "Нүүхгүй” хэмээн гэдийж байгаа талаар хотын удирдлагууд мэдээлж, хэрэв нүүхгүй гэвэл төр төмөр нүүрээ харуулж албадан нүүлгэхээ хэлж байв.

Энэ л ёсоор авто худалдааны төвүүдийг албадан нүүлгэж эхэл­ лээ. Өчигдөр гэхэд вокзалын ард талын авто худалдааны төвийг Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаныхан бүсэлж, үйл ажилагааг нь зогсоосон байна.

Уг үйлдлийг түрээслэгчид эсэргүүцэж өчигдөр дуу хоолойгоо хүргэж, нийслэлийн Засаг даргыг дээрх шийдвэрээ эргэж харахыг уриалж, төр хямрал бий болгож буйг онцолсон юм. Түрээслэгчид автозамын түгжрэлийг бууруу­ лахын тулд цогцолбор худалдааны төв байгуулсныг буруутгасангүй.

Харин нүүгээд очих гэтэл цогцолбор худалдааны төвийн барилгын ажил 30-40 хувьтай, ямар ч харуул хамгаалалт, дулаан авто граж, машин угаалга байхгүй учраас нүүх боломжгүй. Мөн автомашины зогсоолыг 4-7 сая төгрөгөөр худалдаж авах боломжгүй, байршлын хувьд төв цэвэрлэх байгууламжийн эхүүн үнэр нэлхийж байгаа учраас эрүүл мэндээрээ хохирч чадахгүй хэмээн мэдэгдэж байгаа аж.

Вокзалын арын автомашин, сэлбэгийн худалдааны төвийн хашааны үүдэнд 10 гаруй хамгаалалтын ажилтан зогсч машин үзэж сонирхохоор ирсэн иргэдэд "Зах ажиллахгүй байна” хэмээн буцааж байв. Тэр ч байтугай гэрээ хийсэн түрээслэгчдийн машиныг гаднаас оруулахгүй хэмээн түрээслэгчидтэй "гар зөрүүлж” байхтай таарсан юм.

Хамгаалалтын албаныхан өнгөрсөн пүрэв гаригт тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор гурван нохой, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж айлгаж сүрдүүлсэн талаар түрээслэгчид хэлж, тухайн үеийн бичлэгийг үзүүлэв.

Уг нь хүчний байгууллага нохойг оргодол босуул, хил гаалийн зөрчил илрүүлэх буюу улсын онцгой бүсэд ашигладаг байтал гэгээн цагаан өдрөөр ажил үүргээ гүйцэтгэж байсан түрээслэгчид рүү нохой тавьсанд ундууцаж, "Төр хүчирхийллийн дээд хэлбэрт шилжсэн байна” гэж цухалдсан юм.

ТӨРИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

Д.Нямхорлоо / түрээслэгч/:

-Биднийг айлгаж сүрдүүлж албадан нүүлгэх гэж байна. Бид нүүх боломжгүй гэсэн төдийд төр дээрээс далайлгаж Улаанбаатар төмөр замын нийгэмлэгтэй байгуулсан бидний гэрээг цуцалж, хүч хэрэглэж байна. Түрээслэгчид одоогоор гэрээ цуцалсан талаар шүүхэд хандсан. Төмөр замын Хамгаалалтын албаны дарга Н.Батбаяр биднийг нүүхийг шаардсан.

Тэгээд маргааш нь нохой хөтөлсөн хамгаалагчид ирж, манай төвийн хашаанд нэвтэрсэн. Нохойг улсын онцгой объектод хэрэглэнэ гэж заасан байдаг биз дээ. Энэ нь төрийн хүчирхийлэл хэрээс хэтэрснийг харуулж байна. Бид гурав хоног дээрх хүч түрэмгийлэлтэй нүүр тулж байна.

Анхны өдөр буюу өнгөрсөн дөрөв дэхэд гурван нохой, 20 гаруй хамгаалалтын албаныхан ирээд үйл ажиллагаа явуулахыг хориглож, үүд хаалга хаасан. Нохойнуудаа хаалганы дэргэд уяад гаднаас хүн оруулахгүй, "Зах хаасан” гэж иргэдийг буцааж байлаа. Бид гурав хоног ямар ч борлуулалт хийсэнгүй.

АН АВТО ЗОГСООЛООР СОНГУУЛИЙН МӨНГӨӨ БОСГОХ ГЭЖ БАЙНА

Ц.Цэндсүрэн / Нийслэлийн автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгч/:

-Бидэнд нүүх албан шаардлага тавьж байна. Нүүгээд очих гэхээр нэгдүгээрт цэвэрлэх байгууламжийн үнэр хэцүү. Түүнээс гадна цогцолбор авто зогсоолын барилгын ажил ердөө 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Яагаад ийм дутуу барилгыг МХЕГ хүлээж авсан бэ гэдгийг гайхаж байгаа. Ямар ч харуул хамгаалалт, дулаан граж, авто угаалгын газар байхгүй. Ийм байхад бид яаж нүүх юм бэ.

Бүгд зээлтэй. Зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа хүмүүс. Гэтэл төр биднийг хямруулж байна шүү дээ. Тэнд үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй учраас бид дээрх шинэ зогсоол руу нүүхгүй. Хэрэв албадан нүүлгэхээр бол бид дараагийн хурц хэлбэрийн тэмцэлд хүрэх болно.

Биднийг албадан нүүлгэлээ гэхэд худалдан авалт тэр чигээрээ зогсоно. Хэн ч 40 гаруй км явж автомашины худалдаа хийхгүй шүү дээ. Тэр дундаа банкны зээлээр машин авах хүн тэр хол явахгүй нь ойлгомжтой. Бид энэ байршилдаа өдөрт нэг автомашинд 2000 төгрөг төлөөд зогсч байна. Гэтэл дээрх шинэ зогсоол нь өдрийн нэг автомашин 5000 төгрөг байна.

Түүнээс гадна зогсоолын талбайг 4-7 сая төгрөгөөр худалдан авах тулгалт хийж байгаа. Бид энэ их зээлийн хажуугаар яаж тэр талбайг худалдаж авах юм бэ. Гэтэл уг зогсоолын нэг бүрийн үнэ нь нэг сая төгрөгөөр барьсан гэдгийг гүйцэтгэгч компани нь хэлж байна шүү дээ. Тэгэхээр төр бизнес хийж, мөнгө угааж байна.

Дөрвөн сая төгрөгөөр газар худалдаж авлаа гэхэд дахиад нэг автомашинд хоногт 1500 төгрөг төлнө. Хамгийн гол нь тэр хүйтэн газар машин хөлдөнө. Хөлдүү машиныг иргэд үзэж авах боломжгүй. Үнэхээр автозамын түгжрэлийг бууруулах гэж байгаа бол битүү зах нээгээд, бидний санал бодлыг сонсох байсан. Гэтэл хэсэг бүлэг нөхөд нэг өрөөнд орж хуралдаад Засаг даргын шийдвэр гэж баталчихаад биднийг хүч түрж гаргах гэж байна. Нийслэлд нийт 6000-7000 түрээслэгч автомашин борлуулдаг аж.

Мөн борлуулагч, машин угаагч гэж тооцвол олон хүн ажлын байргүй болж байгааг ч онцолсон юм. Тиймээс төр бизнесийн салбарт хүч түрэн орох нь бодит хямралыг бий болгож буйг дахин дахин хэлж байлаа. Одоогоор шинэ цогцолбор худалдааны төвд 20 хүрэхгүй автомашин байрласан байгаа аж.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.