Жилд хорт хавдрын 5000 гаруй тохиолдол бүртгэгддэг
Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна. Манай оронд жилдээ 5000 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3, 4-р шатандаа оношлогддог аж.ХСҮТ-ийн сүүлийн гурван жилийн тайлангаас харвал умайн хүзүүний эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 2012 онд 41 хувь (75046), 2013 онд 43 хувь (65810), 2014 онд 32 хувь (71636)-тай байсан бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт дунджаар 21.4 хувьтай (37976) болж, эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурч байна.
Мөн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой гэнэ. Иймд улсын хэмжээнд "Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.