Н.Энхбаяр: Г.Шийлэгдамба авлига авах хүн биш

956

Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн. МАХН-ын зүгээс энэхүү баривчилгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж харж байгаа аж. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа.

-Г.Шийлэгдамба сайдыг баривчилсан нь улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт гэж харж байна гэлээ. Ямар зорилготой гэж харж байна вэ?

-Олон хувилбарууд байна. Ирэх 2016 оны сонгуульд МАН МАХН-тай хамтарч оролцох тухай яригдаж эхэлсэн энэ үед ялангуяа мэдээлэл гарсан эхний өдөр манай намын гишүүнийг баривчилсан нь өөрийн эрхгүй сонирхол татаж байна. Гэхдээ бас өөр нэгэн томоохон асуудлыг бүрхэгдүүлэх гэсэн оролдого, хаацайлалт ч байж магад. Ер нь бол МАХН-ын нэр хүнд өсч байгаад эгдүүцэж, манай намын нэр хүндэд зориудаар халдах гэсэн оролдлого болов уу. Энэ мэт маш олон таамаг байна. Зориудаар зохион байгуулсан хэрэг гэж манай намынхан үзэж байгаа.

-Г.Шийлэгдамба сайдыг их хэмжээний мөнгө хээл хахуульд авч байх үед үйлдэл дээр нь баривчилсан гэж байгаа шүү. Энэ нь бас зориудаар бэлтгэсэн "өгөөш” гэж үү?  

-Би Г.Шийлэгдамбыг хувь хүнийх нь хувьд маш сайн мэднэ. Бусдаас авлига хээл хахууль аваад баяжиж, үнэтэй зүйлс хэрэглэж том машин унаад явдаг хүн биш шүү дээ. Жирийн л нэг томоотой залуу шүү дээ. Тиймээс авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж бодохгүй байна. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулинд зааснаар шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан мэтээр зарлаж болохгүй. Би намынхаа гишүүнд итгэж байна.

-Танай намын гишүүн болох Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг мөн Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байна.  

-З.Баянсэлэнгийг эрж хайж байна гэх юм. Хайгаад байх зүйл байхгүй. З.Баянсэлэнгэ ажлаа л хийж байгаа шүү дээ. Авлигатай тэмцэх газраас шалгана гэвэл ажлын байран дээр нь очиход л хангалттай.

Д.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>