Дэлхийн нөлөө бүхий хүмүүс энэ онд

818

 Мэдээний зураг,

Энэ дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс хамаг эд баялагийн эзэд байдаг гэцгээдэг. Тэд долоон тэрбум хүн амын дөнгөж нэг хувийг эзэлдэг гэдэг. Харин Forbes сэтгүүлээс жил тутам явуулдаг "дэлхийн хамгийн нөлөө бүхий этгээдүүд” буюу элитүүдийн жагсаалтад ордог хүмүүс ердөө 0,00000001 хувийг эзэлдэг байна. Энэ хүмүүсийн үйл ажиллагааны үр ачаар дэлхий дахин хөгжин дэвжиж байдаг гэх.

Тэдгээр хүмүүсийн дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Ромын пап Францис, БНХАУ-ын тэргүүн Си Зиньпин, "Microsoft" компанийн тэргүүн Билл Гейтс, Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Нарендра Моди, "Google" корпорацийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон зэрэг улс төр эдийн засгийн гол зүтгүүр хүчин болсон 70 эрхэм бий. Forbes сэтгүүлийн жагсаалт ёсоор дараалсан эдгээр нэрс дотроос ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмээр гурав дахь жилдээ дараалан шалгарлаа. Путин энэ жил бүр онцгой. Дэлхий дахиын улс төр, эдийн засгийн бүхий л бодлого сүүлийн жилүүдэд түүнтэй холбогдож байгаа учраас сэтгүүлийн жагсаалтын эхэнд тодрох нь тодорхой байсан биз. Олон улсын тавцанд тэр өнөөдөр хүссэнээ хийж байна, ямар ч тулгамдсан байдлаас тэр уснаас норолгүй гарч ирнэ гэдгийн адил мултарч өөрийн байр суурийг тулган хүлээлгэж чадаж байна гэх мэтээр олон улсын хэвлэл мэдээллүүд шуугиж байгаа хойно аргагүй.

Крымийн хойгийг "булаан эзэрхийлж”, Украинтай "эчнээ дайн” зарласны төлөө олон улсын зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээ Путинд "нүдэн дээр нь ялаа суусаны дайтай” нөлөө үзүүлсэнгүй, түүний нэр хүнд өнгөрсөн зургадугаар сард үнэмлэхүй дээд цэгтээ хүрч 89% болсон байв. Үүний дээр тэр аравдугаар сард олон улсын террорист "Лалын улс” бүлэглэлийг бөмбөгдөх тушаал өгсөнөөр барахгүй хэвлэл мэдээллүүдэд онцолсоноор Сирийн ерөнхийлөгч Башар аль Асадтай ганцаарчлан "тет-а-тет” уулзсан нь АНУ болоод НАТО-г ангайлгаж орхив.  Түүний энэ байр суурь нэгэнт ганхахгүй хойно АНУ болон барууны орнууд одоо аяыг дагалдаж зохицуулах өөр бодлого баримталахад хүрч байна.

Харин эл нөхцөл байдлыг хурцатгаж, лалын зандалчид Синайн хойгт оросын нисэх онгоцыг устгаж, олон зуун хүний аминд хүрлээ. Уг бүлэглэлийг өршөөлгүй намнаж эхэлсэний хариуг авч байгаа нь тэр. Оросын ерөнхийлөгч харин үүний хариуд хатуу мэдэгдэл хийж, дэлхийн бөмбөрцгийн хаа ч , хэзээ ч террорист хүчнийг тэвчихгүй, ул мөргүй арчиж хаях хүртэлээ нам цохино гэдгээ зарлан тунхаглав. Тиймээс барууныхан түүнийг дуртай ч, дургүй ч аялдан дагалдахад хүрнэ. Лалын террористуудад оросуудын үзүүлэх цохилт ч хэр чанга байх нь тодорхой.

Оросуудын зэвсэг, техникийн үзүүлэлт одоо дэлхий дахиныг гайхашруулж, НАТО-ийн орнуудад болгоомжлол төрүүлэх болсон учир лалын зандалчид эцсийн хүчээ шавхахад хүрээд байна.

Олон улсын тавцанд нөхцөлдсөн энэ мэт байдлаас шалтгаалан АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обамагийн нэр хүнд жил ирэх тутам унасаар энэ жил Forbes-ийн жагсаалтад гуравдугаарт эрэмблэгдээд байна. Дэлхий дахинд түүний үнэлэмж 50 хувиас дээш гарч чадахгүй, тухайлбал Европт түүний нэр нөлөөг Ангела Меркель хааж, Ойрхи дорнод, Азид Путин өнгөлөөд байгаа учир сонгуулийнх нь сүүлийн жилд бүр доошилж таарлаа.

Forbes сэтгүүлээс дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүдийг тодруулдаг журам ёсоор бол дөрвөн үзүүлэлт чухал байдаг аж. Үүнд нэр дэвшигчийн нэр нөлөө хэр олон хүн хамардаг, тэрчлэн нийгмийн хэр олон салбар болоод түүний нөлөөлөх эдийн засаг, санхүүгийн нөөц бололцоо, эцэст нь өөрийн нөлөөллийг хэр идэвхтэй, үр дүнтэй ашигладаг зэргийг тооцож үздэг аж. Энэ бүх үзүүлэлтээр  Германы канцлер Ангела Меркель хоёрдугаарт жагссан нь түүний Европт өссөөр байгаа нэр хүндний илрэл юм. Үнэндээ Европ дахин өнөөдөр түүшний амыг харж байна. Учир нь Грекийн санхүүгийн хямрал, Европын эдийн засгийн болон дүрвэгсдийн тулгамдсан асуудал зэрэгт олон бэрхшээл дээр Ангела Меркель шийдвэртэй хариу өгөх гол түлхүүр нь болоод байгаа билээ. Ийм л нөлөө бүхий эрхмүүдийн үйл ажиллагааны цар хүрээнээс өнөөдөр дэлхий дахины улс төр, эдийн засгийн алдаа оноо бүгд шалтгаалсаар байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>