Лизингээр авсан утас барьцаалж зээл олгох нэрийдлээр залилдаг болжээ

997

Үүрэн холбооны "Юнител”, "Мобиком” группуудээс иргэд гар утас лизингээр авах нь элбэг байдаг. Харин сүүлийн үед гар утас зээлээр авсан иргэд зээлээ төлөхгүй байх тохиолдол ихэссэн байна. Зээлээ төлөхийг сануулан ярихад өөдөөс нь "Танайтай гэрээтэй ажилладаг гэх хүмүүст утас лизингээр авч өгсөн. Надад огт хамаагүй” гэсэн хариулт хэлдэг гэнэ. Энэ нь тухайн лизингийн зээлийг ашиглан утас авахуулаад алга болдог луйварчид гарч ирсэнтэй холбоотой аж. Зарын сонин, мэдээллийн сайтууд болоод гудамж талбайд "Юнител болон Мобикомын дараа төлбөрт дугаар 12 сараас дээш хугацаагаар ашигласан бол 300-900 мянган төгрөгийн барьцаагүй зээл шуурхай, найдвартай олгож байна” гэсэн зарлал байх болсон. Ийм зарын дагуу зээл авах гэсэн хүмүүс нь ч нэлээд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс байдаг аж. Энэ нь луйварчдад олз болдог байна. Тэд зээл хүссэн хүнтэй уулзаад "Та энэ дугаараа барьцаалаад утас лизингээр авчих. Бид урьдчилгаа 350 мянган төгрөгийг нь төлье. Утсаа авч гарч ирээд 500 мянган төгрөг аваарай” гэдэг байна. Ингээд 1.5-1.8 сая төгрөгийн утас зээлээр аваад гарч ирэхэд нь 500 мянган төгрөг өгдөг аж. Үүний ард утас зээлж аваад өгсөн хүн сая гаруй төгрөгийн гэрээгээр хүлээсэн төлбөртэй хоцордог гэсэн үг.

Эдгээр зээл өгдөг хүмүүс нь залилан хийхдээ хэд хэдэн төрлийн арга ашигладаг аж. Нас тогтсон хүмүүст "Бид сар тутам лизингийнх нь мөнгийг төлнө. Танд бидний дугаар байгаа юм чинь яриад байж болно. Ямар нэгэн асуудал гарахгүй. Харин биднээс зээлсэн мөнгөө та төлөөрэй” гэж итгүүлдэг гэнэ. Мөн зарим хүнд шуудхан л "Энэ олон тоо орсон үнэ цэнгүй дугаараа хаячих. 500 мянган төгрөгөөсөө шинэ дугаар авчихгүй юу. Бид танаас энэ мөнгөө эргүүлж авахаа байя. Шагнал болгоод өгсөн гээд л ойлгочих” гэдэг байна. Мөнгөний яаралтай хэрэг гарсан хүмүүс үгэнд нь орох тохиолдол байдаг аж. Дугаараа барьцаалж зээл аваад дугаараа хэрэглэхээ больсон ч шүүхэд дуудагдаж тодорхой хариуцлага хүлээх зэм нь хэвээрээ байдаг.

Харин хамгийн олон тохиолдол нь аль нэг үүрэн телефоны салбарын гадаа уулзаад зээл сонирхож ирсэн хүмүүст "Бид энэ компанитай гэрээтэй ажилладаг юм. Утас худалдах болгонд хувь авдаг. Та зүгээр л лизингээр утас аваад бидэнд өгчих. Хамгийн гол нь дугаараа удаан барьсан тохиолдолд өгдөг болохоор таны дугаар л чухал байна. Бид лизингийн мөнгийг нь төлөх болохоор та дугаараа барьж болно. Утасны мөнгийг бөөнөөр нь өгчихдөг юм. Байгуулсан гэрээ ч бий” гэдэг аж. Ингээд уулзсан хүмүүстэй урьдчилгаа мөнгийг нь өгч оруулаад гарч ирэхэд нь 500 мянган төгрөг өгдөг байна. Утас лизингээр өгсөн компаниас өрөө нэхэж залгахад нөгөө хүн мэдээж утсаа өгсөн хүнтэй ярина. Гэвч энэ төрлийн залилан хийдэг хүмүүс нэг дугаарыг сар орчим бариад л сольдог гэнэ.

Энэ талаар "Мобиком” группын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Чинзориг "Тухайн мөчид мөнгөний хэрэгцээ гарсан хүн лизингээр утас авч өгөөд ард нь өөрөө өртэй үлдэж байгаа юм. Өөртөө л утас авч байгаа мэт харагддаг. Тэр үед бидний зүгээс та өөртөө авах гээд байна уу. Өөр хүнд авах гэж байгаа юм биш биз гэж хэлэх боломж байдаггүй. Ийм төрлийн залилангийн хэрэг байдаг шүү гэхээр хүмүүс "Бид өөрсдөө учраа олоод явж байхад та нарт хамаагүй. Би өөрөө зээлж байна. Өөрөө барина уу. Хүүхдэдээ өгнө үү хамаагүй” гэсэн байдлаар ханддаг. Уг нь хэрэглэгчид маань сэрэмжлэх л хэрэгтэй байгаа. Өндөр үнэтэй утас аваад дараа нь төлбөрөө хийхгүй авлага үүссэн тохиолдолд шүүх дээр очих болно. Харин шүүх энэ утсыг гарын үсэг зурж авсан хүн нь барагдуул гэдэг. Нөгөө утсыг нь аваад мөнгө өгчихсөн хүн дээр ямар нэгэн эрхзүйн байдал үүсдэггүй гэсэн үг. Нөгөө мөнгө өгч утас авахуулаад байгаа хүн маш их ашиг олоод байгаа юм. Манайх нэг хэсэг үйлчилгээний зааланд сэрэмжлүүлэг тавьж үзсэн. Өөртөө авч байгаа хүнд асуулт тавихад дургүйцдэг. Дэлгүүрээс юм авч байхад өөртөө авч байна уу. Хүнд авч байна уу гэж асуудаггүй шүү дээ” гэсэн юм.

Харин Юнител группын хуулийн мэргэжилтэн Б.Ганбат "Хэрэглэгчдийг өрөнд оруулаад алга болдог хүмүүс байна. Үүнээс шалтгаалж нэлээд их хохирол учраад байгаа. Манай ажилчид тухайн хүн дугаараа нэг жилээс дээш барьсан бол утас лизингээр олгодог. Иргэдэд хандаж хэлэхэд сошиал болон интернэтийн үнэгүй заруудад байгаа Мобиком болон Юнителийн логог тавиад дараа төлбөрт дугаар барьцаалж зээл олгоно гэсэн зараар зээл авч болохгүй шүү. Ингэвэл залилуулах магадлалтай. Нэг хэсэг салбаруудын гадна хүмүүс ийм ажил хийж байхад нь мэдээд манай ажилтнууд утас авахаар ирсэн хүмүүст "Та сар бүр ийм төгрөг төлнө. Танаас өөр хэн ч төлөхгүй шүү” гэж тайлбарлахад нэлээд хэдэн хүн больсон. Тэгээд гараад нөгөө хүмүүстэйгээ зээл авахаа болилоо гээд хэрүүл хийгээд буцсан тохиолдол бий” хэмээн ярьж байлаа.

Залилуулсан хүмүүс өөрт нь мөнгө өгсөн хүний бичиг баримтыг үзээгүй байдаг аж. Тиймээс цагдаагийн байгууллагад тодорхой мэдээлэл өгдөггүй байна. Мөн өөрсдөө гэрээ хийж утас аваад дамжуулсан болохоор цагдаад хандах нь битгий хэл зугтаад байдаг гэнэ. Хохирсон иргэдийн ярьж буйгаар залилагчид ихэнхдээ тухайн компанийн гар утас зарагдахад хувь хүртдэг тул өөрийнх нь дугаар чухал байна гэж итгүүлдэг. Харин утсаа авахаар ороход нь "Утсаа битгий задлуулаарай” гэж захьдаг гэнэ. Үүнээс үүдээд уг хэргийг утас худалдаалдаг ченжүүд ч үйлдэж байх магадлалтай гэж үзэж байгаа аж. "Теди” төвд зогсдог нэгэн гар утасны худалдаачин "Мөнгө багатай болон гадуур утас худалддаг ченжүүд бол урагшаа явахгүй байгаа гэх юм билээ. Харин хот дотор таны яриад байгаа шиг аргаар утас аваад зардаг талаар ярьцгаадаг. Нэг хүнийг хулхидаад утас авахуулчихлаа гэхэд нэлээд их мөнгөтэй болчихож байгаа хэрэг л дээ” гэв.

Нэгэнт ийм төрлийн хэрэг гараад байгаа болохоор үүрэн телефоны компаниуд ч арга хэмжээ авахаар ярилцаж байгаа гэнэ. Тухайлбал, утас лизингээр аваад гурван сараас дээш хугацаагаар зээлээ төлөөгүй бол блоклох буюу сим карт хийсэн ч ажилладаггүй болгох аж. Нэг үүрэн телефоны компани блок хийлээ гэхэд бусад төрлийн сим карт хийгээд ашиглаж болно. Тиймээс хамтарч ажиллахаар болжээ. Одоогийн байдлаар "Мобиком”, "Юнител”, "Жи мобайл” компаниуд хамтарч ажиллахаар болжээ. "Скайтел” хараахан хариу өгөөгүй байгаа юм байна. Хэрэв энэ хэрэгжиж эхэлбэл иргэд утас худалдаж авахдаа сим картаа хийгээд л буруу гараар олдсон эсэхийг нь мэдэх боломжтой болох аж.

Ж.БАЯРСАЙХАН

 

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>