С.Эрдэнэ өөрийгөө шатаасан ба Б.Батзаяа суллагдсан долоо хоног

989

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасан үйл явдал өнгөрч буй долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал байлаа. Тодруулбал, Түүний нүүр болон толгойн хэсэг нэлээд гүн түлэгдсэн юм.

Тэрбээр "Ажилчид байнгын тогтвортой ажиллах ёстой. Хэрвээ энэ хууль бус үйл ажиллагаанаас болоод Монгол хүн шатах ёстой юм бол шатъя” гэж хэлээд өөр дээрээ шатах бодис асгаад шүдэнз зурсан юм. Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 1, 2, 3-р зэргийн түлэгдэлттэй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Мөн Ерөнхий сайд шуурхай хурал зарлаж "Эрдэнэс тавантолгой" компанийн ажилчин өөрийгөө шатаасан үйл явдалтай холбогдуулан хуралдсан. Энэ хурлын үеэрээ зарим үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарал хандуулахыг Шадар сайдад даалгасан байна. Мөн эмчилгээний бүх зардлыг "Эрдэнэс тавантолгой" компанид хариуцуулжээ.

Өөрийгөө шатаах болсон шалтгаан нь тус компанийн монгол ажилчдыг "TTJVCo’’ компани руу шилжүүлэх гэрээ хийгдснээр дээрх үйл явц үүсэлтэй юм.

Б.Батзаяаг батлан даалтад гаргалаа

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өнгөрлөө.

Шүүх дээрх хэргийг хэлэлцээд Б.Батзаяа болон Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргахаар болсон байна. Ингэснээр Б.Батзаяа болон Ли Жон Гёл нар гадуур байцаагдахаар болж байна. 

Сануулахад Б.Батзаяаг өнгөрсөн аравдугаар сарын 30-наас хойш цагдан хорьж байсан юм. 

"Монгол бахархалын өдөр" болж өнгөрлөө

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойн баяр, "Монгол бахархалын өдөр” буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр өнгөрсөн пүрэв гарагт тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн. Мөн МУСГЗ Г.Мэнд-Оёоог"Чингис хаан" одонгоор шагнасан юм.

Үүнээс гадна "Монгол бахархалын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаан болж улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэсэн юм.

"Либерти Партнерс" компанийн захирал Ч.Ганбатыг интерполоор хайж эхэллээ

Б.Батзаяагийн хэрэгт сэжигтнээр татагдаад буй "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас өнгөрсөн даваа гарагаас эхэлж Интерполоор эрэн сурвалжилж байна. Түүнийг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

2016 оны төсвийг батлав

Хуулийн хугацаандаа буюу энэ сарын 15-ны дотор төсвөө батлах үүрэг хүлээсэн УИХ-ын эрхэм гишүүд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийг яаарч сандран нэг амьсгаагаар "кнопдоод” л баталлаа. Хэдийгээр ирэх онд эдийн засаг сэхэл авахгүй тул аль болох хямралын, хэмнэлтийн төсөв батална гэж байсан ч бахь байдгаараа буюу нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээх төсвийг дараах байдлаар баталсан юм. Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.0 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.95 их наяд төгрөг байхаар төлөвлөж эцэслэлээ. Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүлсэн юм. 

Г.Лхагваа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>