НЭГИЙГ САНУУЛЖ, ХОЁРЫГ БОДУУЛАХ ГЭРЭЛТ ХӨШӨӨ

953

Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр хотоос зайдуухан гарч цэвэр агаарт салхилангаа хэдэн найзтайгаа хууч хөөрөв. Угтаа бол бидний зорьж очсон газар хотоос тийм ч их зайдуу биш л дээ. 30 гаруй км-ийн зайтай Туулын шугуй /харамсалтай нь өнөөдөр шугуй байхаа больсон/. Учир нь, энэ газар нутгаас Их Монгол Улсын эхлэл тавигдсан юм. "Монголын нууц товчоо”-нд дурдсанаар, "Тэмүжин нар Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгүл /өмсгөл/ гэж авчирсан хар булган дахыг авч Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа Есүхэй эцгийн хуучин дотно анд /нөхөр/ Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хүрч очоод Тэмүжин өгүүлрүүн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад өмсгөл хар булган дахыг чамд авчрав” гэж булган дахаа өгөв. Ван хан маш их баясаж өгүүлрүүн:

"Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь

Хамтатгаж өгье

Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь

Цуглуулж өгье

Бөөр нь бөгсөнд байг

Цэр нь цээжинд байг

/Ах захтай болог/” гэв”... хэмээсэн байдаг. Эл түүхийн хүүрнэн Их эзэн Чингис хаан, Ван хан Тоорил нарын уулзан учирсан ерөөлт газар ирвэл нэгэн гэрэлт хөшөө босгожээ /2010 оноос хойш тэр газар очоогүй билээ/. Хөшөөний ард талд криллээр "Эвийг тулга болгон тулж, Итгэлийг гал болгон бадрааж, Үнэнийг туг болгон мандуулъя.... Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан "Эх нутгийн иргэд” ТББ-аас босгов. 2012 он” гэсэн бичээс байх юм. Харин урд талд нь босоо бичгээр "Эзэн Богд Чингис хаан Туулын шугуйд Хоройдын Тоорил хантай эцэг хүүгийн андгай барилдаж, хагацсан улсыг хамтатган, бутарсан улсыг нэгтгэн, Монголын эзэнт гүрэнг байгуулах эхлэлийг тавьсан түүхт нутаг болой” гэсэн бичээс байв. Түүхэн газар, сайхан хөшөө босгосон "Эх нутгийн иргэд” ТББ-ын удирдлага, ажилтан, албан хаагчдын эрэлд хатлаа. Нэлээд хайсны эцэст сургийг нь гаргавал одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын байгуулсан ТББ болж таарав. Мөнхүү гэрэлт хөшөөг их ойн жилүүд давхцсан 2011 оны дараа жил буюу 2012 онд босгосон байсан юм. М.Энхболд өөрөө санаачлан зохион байгуулж, хэсэг эрдэмтдийн хамт газар сонгон хөшөө байгуулсан нь энэхүү гэрэлт хөшөө ажээ. Уг нь Их эзэн Чингис хаанаар далайлган хувьсгалын түүхийг арчих санаархал агуулж байдаг Ардчилсан намын нөхрийн босгосон хөшөө байж магад хэмээн таамагласан нь байгаа оносонгүй. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын хамтаар газар сонгон хөшөө байгуулсан нэгэн эрдэмтэн "М.Энхболд дарга эвийг эрхэмлэж, итгэлийг түшиж эл хөшөөг санаачлан босгосон байх гэж би боддог юм. Чингис хаанд зориулсан хөшөөгөө босгосны дараа мөн өөрөө санаачлан "Үндэсний зөвшилцөл”-ийг бүх намын дунд зохион байгуулсан шүү дээ” хэмээн ярьсан юм. Үнэхээр ч өнөөдрийн улс төрд нүүрлээд буй "ган”, "зуд”, үл ойлголцлыг давж гарах "гүүр нь” "Үндэсний зөвшилцөл”. Тиймээс ч М.Энхболд дарга өөрийн санаачилгаар их хаандаа зориулж гэрэлт хөшөө босгосон нь эвийг эрхэмлэж, итгэлийг түшсэний хэрэг биз ээ.

Өнөөдөр Ардчилсан намынхан "Чингис хаан”, "Хоёр сая Чингис” гэж их хааны сүрээр мөн ч далайлгадаг болсон доо, уг нь... Хачир дээрээ их хааныхаа түүхийг гүйцэд мэдэхгүй, мэндэлсэн өдрийг нь тэмдэглэсэн болж халтуурдаад өнгөрч байгаа өнөө үед Туулын шугуйд, Их Монгол Улсын эхлэл болсон цэг дээр очиж хүндэтгэл үзүүлмээр санагдсаныг нуух юун. Нэгийг сануулж, хоёрыг бодуулах гэрэлт хөшөө Туулын шугуйд сүндэрлэн буй нь сэтгэлд нэг л эеврүү тусах нь цаг хугацааны эргүүлгээс буурал түүхийн гэрчүүд босоод ирсэн шиг санагдана.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>