С.Зориггүй өнгөрүүлсэн 17 жилийн турш үргэлжилсэн шоу давтагдаж байна уу
Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдаж, Монголын ард түмэнд нөхөж баршгүй уй гашуу тохиосон. Үнэхээр ч сүүлийн 17 жил ардчилал С.Зориггүй хөгжихдөө олон үнэт зүйлээ алдсан билээ. 1998 оны аравдугаар сарын 2-ны тэр аймшигт өдрөөс хойш өнөөдрийг хүртэл алуурчин олоодгүй байсан. Зарим нэгэн нь С.Зоригийн үхлээр шоу хийж, сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж байсныг бид мартаагүй.
Харин өнгөрсөн баасан гарагийн үдэш С.Зориг агсны эхнэр Д.Булганыг Цагдаагийн газраас баривчилсан. Гэхдээ ямар учраас ийнхүү саатуулсан тухай баттай мэдээлэл олдоогүй байна. Мөн энэ талаар прокурорын эх сурвалжуудаас тодруулсан ч "Д.Булганыг баривчилах бол бидэнтэй зөвшөлцөх учиртай. Тийм зүйл болоогүй” гэж байсан.
Гэтэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өчигдөр мэдээлэл хийж "С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулж, 461-р ангид хорьж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул ямар шалтгаанаар гэдгийг нь хэлэх боломжгүй” гэсэн юм. Харин тус мэдэгдлийн араас "Д.Булганыг их хэмжээний мөнгө бусадаас залилсан хэргээр саатуулсан” тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн.
Харамсалтай нь дээрх мэдээлэл чулуу хөөлгөж байжээ. Д.Булганыг залилангийн хэргээр баривчилж саатуулаагүй харин С.Зориг агсаны хэрэгт буруутгаж саатуулсан гэнэ. Цагдаагийн албан хаагчид түүнийг саатуулахаас өмнө хоёр эрэгтэй хүнийг тус хэрэгт холбогдуулан баривчилсан аж. Харин С.Зориг агсаны амь насанд хүрсэн этгээдүүдийн нэг нь эрэгтэй нөгөө эмэгтэй хүн байсан гэж энэ хэргийн цорын ганц гэрч Д.Булган өнөөг хүртэл мэдүүлж ирсэн байдаг. Гэтэл тус хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн 2-3 жилийн өмнө С.Зориг агсаны амь насыг хоёр эрэгтэй хүн хөнөөсөн гэдгийг шалгалтын явцад олж тогтоосон байна.
Ингээд тус хэргийн гэрч Д.Булган "Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн” гэж худал мэдүүлэг өгч, аман зургийг худал гаргуулж, хэрэг илрэх явцыг удаашруулсан гэж цагдан хорьсон бололтой. Мөн өөр нэг эх сурвалж Д.Буланыг 72 цаг саатуулсан, хэрэв түүнийг сэжигтнээр татах бол хорих хугацааг сунгана гэсэн юм.
Зарим эх сурвалжууд С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 40 гаруй насны хоёр эрэгтэй хүнийг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Харин өөр нэг эх сурвалж "С.Зоригийн амь насыг хөнөөж, тус хэргийг гүйцэтгэсэн этгээдийг баривчилсан, тэд хэргээ хүлээгээд байгаа” гэсэн юм.
Д.Булганыг саатуулсан тухай мэдээлэл өнгөрсөн амрлалтын өдүүдэд гарч эхлэхэд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "С.Зориг агсаны хэрэг илэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн утга бүхий зурвасыг өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн байсан юм. Харин энэхүү зурвасын талаар хөөж үзэхэд тус хэрэгт сэжиглэгдэн, баривчилагдаад буй нэг иргэний ээж н.Жавзмаа гэгч иргэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан гэсэн мэдээлэл байна.
Гэхдээ УИХ-ын сонгууль бүрийн өмнө С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж эрх баригчид худлаа амлалт өгдөг. Энэ удаагийнх ч гэсэн ийм худал мэдээлэл байж болох талтай. Гэтэл ард түмэн өөрсдийн хайртай хүү, чадварлаг удирдагчаа алдаад хичнээн их харамссан бол. Бас тэрхүү аймшигт алуурчинг хэзээ нэгэн цагт илэрнэ хэмээн итгэж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр (С.Зоригийн төрсөн өдөр), аравдугаар сарын 2-ны өдөр (С.Зориг амиа алсдан өдөр) түүний хүрэл хөшөөг ард түмэн, мөр зэрэгцэн ажиллаж байсан анд нөхөд, гэр бүлийн хүмүүс нь эргэдэг. Харин өнөөдрийг хүртэл С.Зоригийг алсан алуурчид ил болж, зохих шийтгэлээ хүлээгээгүй байна.
Г.Төмөр