Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татах эсэхийг өнөөдөр шийднэ
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүнийг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнөөдөр дуусч байгаа учир түүнийг батлан даалтад гаргах, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэхээр болсон тухай прокурорын эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, дахин хоёр сар сунгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ. Харин уг асуудлыг өнөөдөр шүүхэд хэлэлцэх юм.
Г.Шийлэгдамбын ажлын өрөөнөөс ихээхэн хэмжээний мөнгө олсон. Энэ нь авлигын мөнгө байсан учраас саатуулсан гэдэг. Харин Г.Шийлэгдамба хорих ангиас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн захидалдаа уг мөнгө нь найзынх нь мөнгө байсан, тэр мөнгийг түр хадгалж байсан тухай бичсэн байдаг билээ. Мөн захидалдаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт дурьдсанаар түүнийг ЭМС-ын сайдын суудлаас чөлөөлж, түүний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа юм.
Г.Шийлэгдамба нь өдгөө Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа бөгөөд түүнээс өчигдөр АТГ-ын байцаагч байцаалт авсан тухай эх сурвалж мэдээллээ.
Г.Лхагваа