Б.Батзаяаг ар гэрийн гачигдалтай учир батлан даалтад гаргаж өгнө үү гэжээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг яллагчагдаар татан үргэлжлүүлэн хоёр сар хорихоор болсон. Тодруулбал, түүнийг энэ сарын 16-нд батлан даалтад гаргасан ч уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэл бичсэнээр цагдан хорих асуудлыг өнөөдөр дахин хэлэлцсэн юм. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гаргаж, Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав.
Тэгвэл Б.Батзаяаг батлан даалтад гаргуулах хүсэлт шүүхэд очсон байна. Хүсэлтэд "Б.Батзаяа нь ар гэрийн гачигдалтай. Олон бага насны хүүхэдтэй тул батлан даалтад гаргаж өгнө үү" гэсэн байжээ. Гэвч шүүх хүсэлтийг нь харгалзан үзээгүй байна.
Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан. Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд саатуулсан бол Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм. Энэхүү хэргийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бүтэн жил орчим хөөцөлдөн байж баримт сэлт цуглуулсны үр дүнд баривчилсан гэдэг.
Г.Лхагваа