Ядарсанаа алагчилж ямбатнаа халамжилсан төсөв

1059

Төсөв тойрсон"гомдол” тасрахгүй нь. Тодруулбал, "2016 оны улсын төсөв эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй. Хөөсөрсөн, эдийн засгийн тооцоо судалгаагүй, өрийн ачааллыг нэмсэн. Мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан, хариуцлагагүй төсөв болсон” гэж учир мэдэх хэсэг нь халаглаж сууна.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталжээ. Энэ нь өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх сөрөг талтайг хэлж байна. Хэмнэлтийн төсөв батална гэж байсан ч эцсийн дүндээ хэрэглээ, хэт үрэлгэн төсөв болж хувирав. Б.Болор сайдын хэлснээр чамгүй хэмнэлт хийж болохоор байсан.

Тухайлбал, бүтэц, чиг үүрэг давхардсан яам, агентлагуудыг нэгтгэж, цөөлөхөөр ярьж байв. Мөн төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар, төрийн захиргааны албан хаагчийн цалинг 10 хувиар бууруулна гэж тооцоолж оруулж ирсэн.

Ингэснээр улсын төсвийн 8.7 их наяд төгрөгийн зардлыг 7.8 их наяд болгохоор тооцсон байв. Гэтэл Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах хуулийн төслөө татаад авчихлаа.

Ингэснээр дээрх хэмнэлт үгүй болж, нэмэлт зардлууд өссөн. Мөн Засгийн газраас цалингийн сангийн зардлыг 10 хувиар бууруулах санал оруулж ирсэн. Саналыг хэлэлцээд эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбарын байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цалингийн санг бууруулахгүй байхаар, үлдсэн бүх байгууллагын цалингийн санг 10 хувиар буюу 70 тэрбум төгрөгөөр бууруулж батлав.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд баталсан төсөвт тааруулж цалингаа олгох учраас ажилчдын цалинг бууруулах эсвэл цомхотгол хийх нь тодорхой байгаа юм. Гэхдээ Төрийн өндөр болон улс төрийн, захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахгүй. Мөн бүх шатны шүүхийн шүүгчийн цалинг одоогийн төвшнөөс бууруулахгүй байхаар баталсан нь хэмнэлтийн бус төсөв болсныг тодотгов. Учир нь өнөөдөр шүүгчийн цалин 3.7-4.2 сая төгрөг байгаа. Төсвийн задаргаанаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын мэдэлд 48.9 тэрбум, Хууль зүйн сайдын багцад 391.8 тэрбум төгрөг байна. Гэтэл хүний эрхийн байгууллагад 748 сая төгрөг байх жишээтэй.

Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийнхөө цалин, бүтэц, хэрэглээнд гар хүрэлгүй харин ард иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн төсөв баталлаа. Тухайлбал, шинээр барилга барихад хөрөнгө мөнгө суусангүй. Уг нь төр данхар бүтцээ танасан бол 110 гаруй тэрбум төгрөг хэмнэж, цөөнгүй хэдэн сургууль цэцэрлэг сүндэрлэж болох байлаа.

Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн "ШЕЗ хэмээх данхар бүтэцтай, даварсан төсөвтэй газрыг"хазаарлах” хэрэгтэй” гэдгийг дахин дахин сануулж байсан. Анх 7-8 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан эл байгууллага өдгөө 100 гаруй ажилтантай болсныг шүүмжилж байгаа юм. Ийнхүү хэмнэлттэй бус хэтэрхий үрэлгэн төсөв баталснаар Засгийн газрын өрийн хэмжээ 2016 онд 1.7 их наяд төгрөг буюу 850 гаруй сая ам. доллараар нэмэгдэхээр болжээ. Зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт ирэх жил 947.8 тэрбум төгрөг төлөхөөр болсон байна. Ахмад настны тэтгэврийг нэмэхгүй, хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хэмээн алагчилж нийт хүүхдийн 70-80 хувьд нь олгохоор төсөвлөсөн. Ингэснээр хүүхдийн мөнгөнд 144 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Харин өмнөх жилд хүүхдийн мөнгөнд 246 тэрбум төгрөг олгож байсан тоон үзүүлэлт байгаа юм.

Эндээс үзэхэд хүүхдийн мөнгөнөөс чамгүй хэмнэлт хийж байгаа бололтой. Мөн оюутны урамшууллын тэтгэлэгт өөрчлөлт оруулж, үндэсний тэтгэлгийн шалгуур голч оноог бакалавр 2.0-оос доошгүй байсныг 3.0 –аас доошгүй, магистр 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, доктор 3.0 байсныг 3.5-аас доошгүй болгож өөрчилсөн. Энэ нь тэтгэлэг авах оюутан байхгүй болж байна гэхэд хилсдэхгүй биз. Баталсан төсвөөс бас нэг анхаарал татаж буй нь эрх баригчид эдийн засгийн хүнд байдлыг далимдуулан татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон өмч хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчлах гэж байгаа явдал юм.

Тухайлбал, Төрийн банкийг 75 тэрбум, Хөрөнгийн биржийг таван тэрбум, өөр юу юуг хувьчлах нь тодорхойгүйгээр ирэх оны төсөвт 91.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлуулчихлаа. Үүнээс харахад эрх баригчид иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих бодлого явуулахын оронд татварыг нэмэгдүүлэх, шинээр татвар бий болгох, цалинг бууруулах, ирээдүй хойч хүүхэд, залуусаа дэмжих бодлогоос ухарч, хүүхдийн мөнгө, оюутны үндэсний тэтгэлгийг ялгавартай олгохоор болж байна.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>