Далай лам: Маргааныг хүчээр биш хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй

730

Германы "ДойчеВелле” телевизийн сэтгүүлч Дээрхийн гэгээнтэн Далай ламтай ярилцсаныг товчлон хүргэе.

Парис дахь халдлагын тухай та юу гэж бодож байна вэ?

-Хорьдугаар зуун хүчирхийллээр дүүрэн байснаас дайн, зөрчилдөөний уршгаар 200 сая гаруй хүн амь насаа алдсан. Одоо бид өмнөх зууны урсгасан үйл явдлын халгааг үүрч явна. Бид хүчирхийлэлгүй, төгс амгалангийн төлөө зүтгэвэл шинэ эхлэлд хүрч чадна.

Энх тайванд хүрэхийн тулд дорвитой чармайлт гаргахгүй бол хүмүүнлэг ёсыг хэрхэн уландаа гишгэж буйг удаан амсах болно. Зон олон тайван амьдрахыг хүсдэг. Харин алан хядагчид харалган тул амиа золиослогч этгээдүүд улангасч буйг харж байна.

Бид энэ бэрхшээлийг зөвхөн мөргөлөөр шийдвэрлэж чадахгүй. Бурхны шашинтны хувьд би мөргөлийн хүчинд итгэдэг. Гэсэн ч хүмүүс энэ асуудлыг бий болгоход Бурхныг шийдвэрлэж өгөхийг хүсдэг. Энэ нь утга авцалдаагүй хэрэг. Бурхан таныг хамгийн түрүүнд бий болгосон болохоор "Энэ асуудлаа өөрөө шийдвэрлэ” гэж хэлнэ.

Хүмүүний оршихуйн үнэт зүйлс болох нэгдэл, зохицлыг хөхиүлэн дэмжихийн тулд системтэй, арга зүйтэй байх ёстой. Бид үүнийг одооноос хийж эхэлбэл энэ зуун өнгөрснөөс өөр болно гэсэн найдвар бий.

Энэ нь бид бүхний эрх ашигт нийцнэ. Иймд Бурхан, Будда юмуу эсвэл төр засгаас тусална гэж харалгүйгээр гэр бүл, нийгмийнхээ хүрээнд энх тайвны төлөө зүтгэцгээе.

-Та үргэлж энх тайван, энэрэнгүй ёс, шашин хоорондын зохицлын тухай ярьдаг ч дэлхий ертөнц тэс ондоо зүгт харж байх шиг. Таны хэлдэг үг хүмүүст хэр тусч байна вэ?

-Би тантай санал нийлэхгүй. Миний бодлоор хүмүүсийн зөвхөн цөөн хэдэн хувь л хүчирхийллийн зам мөрийг сонгож байна. Хүмүүн заяатай төрсөн бид нэгнээ хөнөөдгөө зөвтгөх аргагүй.

Та бусад хүнийг ахан дүүс хэмээн үзэж, эрхийг нь хүндэлдэг бол хүчирхийлэл үйлдэх ёсгүй. Мөн өнөө үед тулгарсан бэрхшээлүүд нь шашин шүтлэг, үндэс угсааны хувьд ихээхэн ялгаатайгаас үүдсэн. Бид бүгд хүн.

-Дэлхийн улс орнуудын удирдагчид эдийн засгийн өсөлтөд улайрч, ёссуртахууны талаар санаа зовдоггүй. Та энэ хандлагад санаа зовдог уу?

-Бид ёс суртахууны зарчмыг мөнгөний дээгүүр тавиагүй цагт бэрхшээл улам нэмэгдэнэ. Ёс суртахуун нь сүсэгтэн, улстөрч гээд бүх хүнд чухал.

-Та "Дундаж зам” гэсэн арга барилаар Түвдийн асуудлыг шийдвэрлэх шилдэг арга гэж үздэг. Таны энэ бодлого эцэстээ амжилт олно гэж боддог уу?

-Би үүнийг хамгийн шилдэг арга зам гэж боддог. Миний олон найз, тухайлбал, Энэтхэг, АНУ, Европын орнууд дахь нөлөө бүхий удирдагчид энэ бодлого бодитоор хэрэгжих боломжтой гэж үздэг. Түвдэд улс төрийн идэвхтнүүд, Хятадын сэхээтнүүд болон оюутнууд миний "Дундаж арга зам”-ыг дэмждэг.

Бид Хятадаас тусгаар тогтнохыг зориогүй гэдгийг би хятад оюутнуудтай уулзахдаа хэлдэг. Тэд миний энэ бодлогыг ойлгож, бидний нөхцөлийг өөртөө илүү ойр хүлээж авдаг. Энэ  бол зөвхөн Түвдийн тухай асуудал биш. Бид XXI зуунд амьдарч буйн хувьд зөрчил маргаанаа хүчээр бус хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй.

-Таны дараа Далай ламын байр суурийг хэн эзлэх вэ?

-Би энэ талаар санаа зовдоггүй. Түвдүүд ирээдүйд Далай ламтай байх эсэхээ өөрсдөө шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа 2011 онд албан ёсоор зарласан.

Хүмүүс энэ тогтолцоо одоо чухал биш гэж үзвэл татан буулгах ёстой. Би улс төрийн үйл хэрэгт оролцохоо больж, зөвхөн Түвдийн ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьдаг болсон.

-Энэтхэгт бусад шашин шүтлэгийг үл тэвчих үзэл нэмэгдсэн. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Энэ бол Энэтхэгийн бодит дүр зураг биш. Цөөн хэдэн этгээд л хүндрэл учруулдаг. Бихар муж дахь сонгуулийн дүнгээс харахад хинду шашинтнуудын олонх нь зохицол, зэрэгцэн орших зарчимд итгэж байна.

Д.Мөнхболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>