М.Энхболд: Хүүхдүүд цахим болон болзооны хүчирхийлэлд өртөх нь ихэссэн

294


Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж, бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол сүүлийн үед их гарах болсон. Хүчирхийлэлтэй нүүр тулсан хүүхдүүд хаана, хэнд хандаж шийдүүлэхээ мэддэггүй. Харин зарим нь Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ханддаг байна. Тэгвэл тус дугаарт хүүхдүүд ямар асуудлаар хэрхэн хандаж байгаа талаар Хүүхдийн тусламжийн108 утасны зохицуулагч М.Энхболдтой ярилцлаа.

-Хүүхдийн төлөө Үндэсний газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас ажиллаж эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэр зэрэг ачаалалтай ажиллав. Тухайлбал, өдөрт хэчнээн дуудлага хүлээн авч байна вэ?

-Ерөнхийдөө 2014 оны зургадугаар сарын 1-нээс 24 цагаар дөрвөн ээлжээр хүүхдийн дуудлагыг 108 дугаарын утсан дээр хүлээн авч эхэлсэн. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 223883 дуудлага хүлээн авсан. Харин энэ оны эхний арав дугаар сарын байдлаар 127758 дуудлага ирсэн. Өдөрт дунджаар 450 гаруй, сард ойролцоогоор 13 мянган дуудлага хүлээн авдаг. Жишээлбэл, зөвхөн өнгөрсөн аравдугаар сард 11861 хүүхэд манай төвд хандсан байна. Үүний 40 хувийг зорилтот дуудлага эзэлж байна.

-Танай төвд маш олон хүүхэд хандаж байгааг дээрх тоо харуулж байна. Эдгээр хүүхэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

-Нийт дуудлагаа бид зорилтот болон зорилтот бус гэж хуваан 54 ангиллаар хүлээн авдаг. Манайд хандаж буй дуудлагын 10 гаруй хувийг зөвлөгөө, 8-16 хувийг мэдээлэл, 2-4 хувийг хамгааллын үйлчилгээ эзэлж байна. Тухайлбал, хүүхэд хамгааллын дуудлагыг бие махбодийн, бэлгийн хүчирхийллийн, амиа хорлох, гэрээсээ дайжсан, тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг, хүний наймаа, цахим дарамт зэрэг 20 гаруй төрөлд хуваадаг.

Үүнээс өнгөрсөн аравдугаар сард бие махбодийн хүчирхийллийн дууд лага61, гуйлга гуйлгасан 11, бэлгийн хүчирхийллийн долоон дуудлага ирсэн байна. Үнэхээр юм бодуулахаар тоо.

Энэ мэтчилэн янз бүрийн асууд лаар хүүхдүүд бидэнд ханддаг. Хүн амын тооноос шалтгаалж, хүчирхийллийн 77-78 хувийг хотод үйлдэж байна. Үүнээс Сонгинохайрхан, Баян-зүрх дүүрэг давамгайлдаг.

-108 дугаарт хандан тусламж хүссэн хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Тэдэнд эргээд хяналт тавьдаг уу?

-Манайд хандсан хүсэлтийн 40 хувийг шийдсэн. Харин бэлгийн хүчирхийлэл, хууль эрх зүйн өмгөөлөл, сэтгэлзүйг нөхөн сэргээх үйлчилгээг шийдэхэд хүндрэлтэй байдаг. Бид олон улсын хүүхдийн тусламжийн утасны үндсэн зарчим болох мэдээллийн нууцлалыг чанд хадгалах, тухайн өгсөн мэдээлэл нь эргээд хүүхдэд хохирол учруулахгүй байхыг баримталж ажилладаг.

Манай утсанд ирсэн дуудлагыг Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102, 103, Онцгой байдлын алба, 21 аймаг, есөн дүүрэгт байрлаж буй Хүүхэд гэр бүлийн хөгжлийн байгууллагын хүүхэд хамгааллын мэргэжилтэн рүү, мөн бүх сум, хороонд байрлаж буй хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажилтан руу байршлынх нь дагуу мэдээллийг шууд дамжуулдаг. Үндэсний хэмжээнд хүүхэд хам гааллын шууд үүрэг хүлээсэн 2500-5000 орчим тө рийн албан хаагчтай бид мэдээлэл солилцож ажил ладаг.

Бид өмнө нь хэнд ямар үйлчилгээ үзүүл сэн, асууд лыг хэрхэн шийдсэн тухайгаа цаасан дээр би чиж танилцуулдаг байсан. Харин одоо энэ асуудлыг цаг тухайд нь хүүхдийн тусламжийн утасны бүртгэлийн программ дээр шууд бич дэг болох гэж байна. Үүний эхлэл болгож Хүүхэд хамгааллын мэдээллийн санг цахимжуулсан.

Ингээд бид хаана, хэнд ямар тусламж үйлчилгээ үзүүлж, асуудлыг хэрхэн шийдсэнийг цаг алдахгүй харж, илүү уялдаа холбоотой ажиллана.

-Хүүхдийг хүчирхийлэх, түүнд ямар нэгэн байдлаар дарамт учруулах асуудал жил бүр нэмэгдэж байна. Үүнийг таслан зогсооход хууль, эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?

-Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах эхний алхам бол одоогоор мөрдөж буй хууль, журмын асуудлыг цэгцлэх юм. Хүчирхийлэлд өртсөн хүү-хэд хуулийн байгууллагаар тухайн асуудлыг шийдүүлэх гэхээр түүний талд бус эсрэг талд нь эерэг шийдвэр гаргах тохиолдол их байдаг.

Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийг хамгаа лах тухай хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүл гээс санаачилж, хууль зүйн хороонд өргөн барьсан. Үүнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүнд тооцох хариуцлага, хүүхэд хамгааллын тогтолцооны ажил үүргийн хуваарь, хүүхдийн эрх, үүргийн талаар тодорхой тус гасан. Өөрөөр хэлбэл, хэн юу хийх, хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар хариуцлага тооцох зэргийг хуулиар шийднэ гэсэн үг.

-Танай төвд хандаж буй зарим хүүхэд өөрийгөө тусгаарлуулахыг хүсдэг гэж сонссон. Гэтэл танайх албан ёсны тусгаарлах байргүй. Тиймээс энэ асуудлыг яаж шийдэж байна вэ?

-Бид ийм асуудалтай их тулгарч байна. Одоогоор нийслэлийн Цагдаагийн дэргэ-дэх түр хамгаалах байранд, Хүчирхийллийн эсрэг үндэс-ний төвд, Эрүүл мэндийн яамны харьяа нэг цэгийн үйлчилгээний гурван цэгт мөн нялхсын клиникт хүүхдүүдээ байршуулдаг.

Жишээлбэл, 0-2 насны хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд эцэг эхийг нь эрүүлжүүлэх байранд саатуулсан үед тухайн хүүхдийг харах хүн, байршуулах газар байхгүй.

Дээрх газруудаас нялхсын клиникээс бусад нь бага насны хүүхэд авах боломжгүй. Яагаад гэвэл тухайн хүүхдэд тусгай асаргаа шаардлагатай. Тиймээс хүүхдийг 72 цагийн хугацаанд түр хамгаалах зориулалтын байр яах аргагүй хэрэгтэй байна.

-Сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг гээд тэд ний төлөө хийх бүтээн байгуулалт их байдаг. Гэтэл эдийн засгийн хямралтай энэ үед төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар төр засгийн удирдлагууд эхлүүлсэн ажлаа зогсонги байдалд оруулах нь цөөнгүй. Та үүнийг шийдэх боломжтой гэж харж байна уу?

-Хүүхдийн төлөө үндэсний газрын баримталж буй бодлого нь хүүхдийн хүчирхийллийг яаралтай таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх. Тиймээс төр засаг хамгийн түрүүнд хүүхдээ л хамгаалах хэрэгтэй. Манай улсын 10, 20 жилийн дараах ирээдүйн баталгаа бол өнөөдрийн хүүхдүүд.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насанд хүрсэн хойноо эргээд хүчирхийлэл үйл дэх магадлалтай гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тиймээс ирээдүйн нийгмийн төр оршихуйн асуудлыг өнөөдрөөс ярих хэрэгтэй.

Төрийн удирдлагууд, эрх мэдэлтнүүд чухал биш олон бүтээн байгуулалтад хэдэн тэрбумаар нь зарцуулдаг нь нууц биш. Гэтэл хүүхдүүдийн сайн сайхан гэрэлт ирээдүйн төлөө том бүтээн байгуулалт хийхээс гар татаж болохгүй шүү дээ.

-Хүүхдийн хүчирхийлэл жил бүр нэмэгдэж байгаа нь юунаас үүдэлтэй гэж бодож байна вэ?

-Хүүхэд, эцэг, эхийн хоорондын харилцаа асар их холдсон байна. Учир нь эцэг эхчүүд тэдний өмсч зүүх, идэж уух зэрэгт анхаарч хэдэн төгрөг цуглуулахын төлөө цаг наргүй ажилладаг. Ингэж үр хүүхдэдээ цаг зав зарцуулахгүй байх нь үнэхээр буруу.

Ялангуяа өсвөр насныхаа хүүхэдтэйгээ байнга ярилцаж байх хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө амьдралд оролцох тусмаа өөрийгөө эрсдэлээс хамгаалж чаддаг. Сүүлийн үед гарч буй хүчирхийллийг харахад гэр бүлд үйлдэгдэж байна.

Энэ нь ядуурал, архидалт зэргээс үүдэлтэй. Мөн хүүхдүүд тухайн зүйлийн талаар ямар нэгэн мэдлэггүй, өөрсдийн санамсар болгоомжгүйгээс болж хүчирхийлэлд өртдөг.

Сүүлийн үед цахим болон болзооны хүчирхийлэлд хүүхдүүд өртөх нь ихэсч байна. Учир нь хүүхдүүд харилцаандаа дээрх асууд лыг хэрхэн зохицуулахаа мэддэггүй.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.